УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.05.16/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.
Үндсэн чиглэлийн төсөлд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон агаар орчны бохирдлыг бууруулан, байгалийн нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд долоон зарилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Тухайлбал, гэр хорооллын өрхийн шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсээр ажилладаг 105 халаалтын зуухыг буулгаж, 182 хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг тусгасан байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх, байгаль орчин, цаг уурын шинжилгээний техник, технологийн шинэчлэл, хяналт-шинжилгээний сүлжээний өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хуримтлуулах, дахин ашиглах чиглэлээр бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрмийг орон нутагт 10-аас доошгүй газарт байгуулж, 100-аас доошгүй булаг шандны эхийг хашиж хамгаалах ажил хийгдэх юм байна. 2019 оны үндсэн чиглэлийн хүрээнд долоон зорилт, 19 арга хэмжээг 227.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 16 зорилт, арга хэмжээг 738.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгаснаас улсын төсвийн хөрөнгөөр 147 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалтаар 522.1 тэрбум төгрөг, хөгжлийн банкны санхүүжилтээр 69 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр байгаа аж.
2019 онд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын малын генетек нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх, мал аж ахуйн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн газар тариалангийн салбарт “Атрын 3 дугаар аян”-ыг үргэлжлүүлэх, “Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр тарианы талбайн хөрсний үржил шимийг сайжруулж ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнээр хангахаар төлөвлөсөн байна. Ирэх онд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээг мөн тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд, мөн жижиг, дунд үйлдвэрийн зээлд хэдий хэрийн хөрөнгө тусгаад байгааг тодруулсан.
Агаарын бохирдлыг бууруулах ажил, шинэ техник, технологи нэвтрүүлэх бусад арга хэмжээнд 100 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төсөл хөтөлбөрийг шалгаруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 70 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд 131 аж ахуйн нэгжид олгосон байна. 2019 онд 110 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин гишүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх зээлийн хэмжээг нэмж 200 тэрбумд хүргэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бөгөөд энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.
Түүнчлэн хуралдааны үеэр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний голомтыг устгах, малыг эрүүлжүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг ирэх оны үндсэн чиглэлд тусгах асуудлыг хөндөн ярилцсан юм.
Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлтийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.
Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр дараахь ажлуудыг хийжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах долоон чиглэлийн 146 арга хэмжээг, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэлдээ дурдсан.
Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай шинээр баталсан хуулиудын зохицуулалтыг нийцүүлэх, 1993 оноос эхлэн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ.
Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд 14 зөрчил, 3 хийдэл илэрчээ. Тиймээс эдгээр нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангасан байна.
Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, стандарт, стратеги төлөвлөгөө, жишиг үнэ, тоо тогтоох акт, технологийн карт, аргачлал зэрэг нийт 44 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлэн батлах арга хэмжээг хэрэгжүүлж буй аж.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах журам заавруудын төслийг мөн боловсруулан хэлэлцүүлж байгаа гэлээ. Хуулиудыг олон нийтэд сурталчах зорилгоор эмхэтгэн хэвлүүлж 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, салбарын харьяа байгууллагуудад хүргэж, хууль сурталчлах арга хэмжээнд 3000 гаруй мэргэжилтэн, малчдыг оролцуулсан байна.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Гишүүд малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын шилжилт хөдөлгөөн хийх, тууварлах зэрэг асуудлыг тусгасан хуулиудын талаарх мэдээллийг малчдад, мэргэжилтнүүдэд сайн хүргэж ажиллахыг салбарын яамныханд захьсан.
Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийв
Дараа нь Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.
Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой анхдугаар аяны таван зорилтын хүрээнд 50 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2017 оны урьдчилсан дүнгээр 81.2 сая литрт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 28 хувиар нэмэгдсэн байна.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 24.9 мянган тоннд хүрч 2.7 дахин нэмэгджээ. Тэжээл тариалалтыг нэмэгдүүлж 2017 онд 43.8 мянга га талбайд тэжээлийн таримал тариалж, 34.6 мянган га талбайгаас 36.9 мянган тонн ургац хураасан байна.
ОХУ-аас “Герефорд” үүлдийн 150 толгой, ХБНГУ-аас “Лимузин” үүлдрийн 60 толгой үхэр авсан бөгөөд эрчимжсэн аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр ханган ажиллахаар зорьжээ.
Малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж сүүний чиглэлийн үхрийн 54 аж ахуйн нэгжид 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.
Франц улсаас 2017 онд мах, нарийн ноосны чиглэлийн 657 толгой хонь импортолж, үржлийн аж ахуй байгуулсан байна.
Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 107 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн импортын 2662 үрээр 1331 үнээг зохиомлоор хээлтүүлж, 76.1 хувийн амжилттай байгааг сайд дурдсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэл хийлээ
Мөн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат УИХ-ын 2015 оны 41 тоот “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш 2 жилийн дараа батлагдсан Засгийн газрын 2011 оны 174, 194 дугаар тогтоолоор хориглосон бүсийн хэмжээ 43 сая га талбай болсон гэлээ. Энэ бүсийн хилийн зааг нь алдаатай байсан бөгөөд тухайлбал, зарим аймаг, суманд усан сан бүхий хамгаалалтын бүсийг хэт бага эсвэл том талбайг хамруулан тогтоосон байсан нь хориглосон бүсийн хилийг шинэчлэн тогтоох шалтгаан болсон хэмээн сайд мэдээллийнхээ үеэр хэлсэн.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-185 тоот тушаалаар Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хийлийн заагийг тусгай зөвшөөрөл бүрээр тогтоох, хилийн заагийг зөвшөөрөөгүй гомдлыг шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийг тогтоох ажлын удирдамжийг тус тус баталсан байна. Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Гадаргын усны сүлжээний тоон зураг, усны тооллогын мэдээ, 1:100000 масштабын байр зүйн зургийг үндэслэн гадаргын усны сүлжээний зургийг дахин тодруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр давхацлыг гаргах замаар гүйцэтгэсэн аж.
Засгийн газрын 2015 оны 189 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын дагуу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтооход 242 тусгай зөвшөөрөл бүхий газарт ашиглалт, нөхөн сэргээлт хийхээр болсон хэмээн сайд мэдээлсэн.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017 оноос хийж эхэлсэн гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Гишүүд урсац бүрэлдэх эхийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах, хориглосон талбайд хууль бусаар олборлолт хийгчдэд хариуцлага тооцох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй хэмээж байлаа. Салбарын яамны зүгээс уул уурхайн төслийн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд орон нутгаас өгч байгаа санал, зөвшөөрөл нь төсөл эхлэхийн өмнө дэмжигддэг боловч ажил эхэлмэгц гомдол гаргадаг байдалд дүн шинжилгээ хийх, иргэдийн хууль ёсны шаардлагыг хангах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болон хаалтын нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж.
Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор дараахь арга хэмжээ авахыг дээрх тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон юм. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газар эзэмших, ашиглах зөвшөөрөл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгажээ.
Мөн хууль зөрчин газар олгосон нь тогтоогдвол буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан газар чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх үед нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг өгсөн байна.
Түүнчлэн Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух энгийн хамгаалалтын бүсэд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв, боловсон, ая тухтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын жуулчдыг татах бүс болгон хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлийг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.