Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 17 дугаарын тойм


Эмхэтгэлийн 17 дугаарт Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зарчмын шинжтэй зохицуулалтуудыг нарийвчлан тодорхойлсон байна. Тухайлбал, Улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болох эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмжээ. Мөн улсын нисэхийн багц дүрмээр зохицуулагдах харилцаа шинээр тодорхойлж, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны болон шалгалт-туршилтын нислэгийн ангилал шинээр нэмэгдэж, нислэгийн ангилал тус бүрийн зохицуулалт нарийвчлагдсан байна.

Мөн Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг нарийвчилж, сургууль-байлдааны нислэгийн осол зөрчлийг зөвхөн улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс шалгах зохицуулалтыг бий болгосон аж.

Мөн дугаарт Монгол Улсын батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд

өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай,  Тогтоолын төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолууд, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Цол хасах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн юм.

Тус тогтоолд, “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, …”, “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэж заасан  нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас үзэж  холбогдох дүгнэлт гаргасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл