Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн гишүүд орон нутаг дахь МСҮТ, политехникийн коллежуудад ажиллав

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Гантулга нар орон нутагт ажиллалаа. 



Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Уул уурхай эрчим хүчний политехник коллеж, “Дархан өргөө” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурган хүмүүжүүлэгчид, элсэн суралцагчдын санал хүсэлтийг сонслоо. 

Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчид өөрсдийн бүтээлээ танилцуулж, эдгээр бүтээлээ зах зээлд зарж борлуулах зохицуулалт байхгүй байгааг анхаарч өгөхийг хүссэн бол Дархан-Уул аймгийн МСҮТ, политехникийн коллежууд сургалтын орчноо сайжруулж, шинэ техник, технологи нэвтрүүлэх тал дээр илүү анхаарч байна гэлээ. 



Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төвийн бүсийн салбар, Уул уурхай эрчим хүчний политехник коллеж хамтарсан “Цахилгааны мэргэжлийн чадамж олгох сургалтын төв”-ийн нээлтэд оролцлоо. Тус төв нь шинэ залуу боловсон хүчнийг ажил олгогч байгууллага давтан сургах шаардлагагүйгээр цахилгааны мэргэжлийн мэргэшсэн түвшинд бэлдэх сургалтын орчныг бүрдүүлэх зорилготой ажээ. 

Ажлын хэсэгт НББСШУБХ-ны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, референт Э.Баттогтох, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн бололвсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Бэхбат, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж нар багтжээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл