Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.05.11) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.
Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.
Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.
Судалгаанаас үзэхэд гадаад улсад донтох өвчинтэй тэмцэх нь өндөр өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ шаарддаг хэдий ч уг үйлчилгээ нь нийгэмд хэмжихээргүй эерэг үр дүнтэй байдаг тул тухайн үйл ажиллагаанд хөрөнгө төсөвлөх хэрэгтэй гэж үздэг байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээв. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан байна.
Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.