Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.04.10) төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газрын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны талаар эхлээд танилцуулсан.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хууль эрх зүйн орчинд хийх зайлшгүй өөрчлөлт, тулгамдсан асуудал, энэ онд ямар зорилго тавьж ажиллаж байгаа талаар тодруулав.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Төрийн аудитын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн хүрээнд аудитын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хуулиуд хоорондоо зөрчилтэй. 30 гаруй заалт хоорондоо зөрчилддөг учир төрийн аудитын тогтолцооны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сайжруулах зорилго тавьсан. Хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар ирэх намрын УИХ-ын чуулганд өргөн барина. Үүний өмнө Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гаргаж, УИХ-д оруулахаар ажиллаж байна. Эхлээд бодлогын баримт бичгээ гаргаад дараа нь хуулийн өөрчлөлт рүүгээ орохоор төлөвлөсөн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед Төрийн аудитын байгууллагыг төрийн хяналт, шалгалтын байгууллагын нэг гэж зааж оруулмаар байна. Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулиар заавал баталгаажуулах шаардлагатай. Олон улсын байгууллагууд ч ийм зөвлөмж ирүүлдэг” гээд Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуульд нэр зааж оруулах үндэслэл, шаардлагын талаар танилцууллаа.
Мөн Төрийн аудитын байгууллагын төсөв, зардлыг нэмэгдүүлж, ажилтнуудын цалин, нийгмийн баталгааг хангах шаардлагатайг тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Ерөнхий аудиторын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ “Цэвар агаар” сангаар дамжсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон гадаад, дотоодын санхүүжилтээр агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийхтэй холбогдуулан саналаа хэлэв.
Тэрбээр мөн УИХ-д хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажилладаг УИХ-ын харъяа байгууллагын хувьд төсөв, зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гаргах бололцоотойг хэлсэн.
Уулзалтаар талууд төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан аудит хийх сэдвүүд болон аудит хийх хугацааны талаар, мөн аудитын үр дүнг харъяалагдах Байнгын хороо бүрээр хэлэлцэж, холбогдох байгууллагуудад Байнгын хорооны дүгнэлт бүхий зөвлөмж өгдөг байх нь нийгэмд шударга ёсыг тогтооход том нөлөө үзүүлэх талаар ярилцаж, харилцан санал солилцов.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, Үндэсний аудитын газрын Стратегийн удирдлагын газрын дарга Д.Энхболд, Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг зэрэг төрийн аудитын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.