Цэс

Холбоо барих

"Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд зохион байгуулагдана.

Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй”

эрдэм шинжилгээний бага хурал болно

 Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө 23 жил өнгөрсөн бөгөөд бодлого тодорхойлогчид, улс төр, эрх зүй судлаачдын дунд энэхүү Үндсэн хуулийг шинэчлэх эсэх тухай хэлэлцүүлэг, зөвшилцөл ид өрнөж байна. Үндсэн хуулийн шинэчлэл гэх ойлголт нь үзэл санааны болон цаасан дээрх үг үсгийн шинэчлэлээс гадна түүнийг тайлбарлах онол, арга зүйг өөртөө багтаадаг.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус хурал нь харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн онол, философийн өнцгөөс үндсэн хуульт ёс хөгжсөн улс орнуудын болон Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлаж ирсэн жишээн дээр Үндсэн хуулийг тайлбарлах онол, арга зүйг хэлэлцэх юм. Тус хурал дээр хэлэлцэгдсэн эрдэм шинжилгээний илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлэх ажээ.

Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй нь улс оронд хүний эрхийг баталгаажуулж, төрийн эрх мэдлийг хуваарилагч суурь үзэл санаа, түүнийг илэрхийлэгч баримт бичгийг амьдруулагч гол хэрэгсэл болохынхоо хувьд үндсэн хуулийн эрх зүй болон улс төр, эрх зүй судлалд чухал байр суурь эзэлдэг билээ.

Тус хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн шүүгчид, хууль зүйн сургуулиудын багш нар, үндсэн хуулийн эрх зүй судлаачид, хуульчид оролцох болно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл