Цэс

Холбоо барих

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.02.09) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7.2- т “Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ” гэж, Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтад “зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн, мөрдүүлэх” гэж, мөн тогтоолын 3.1.1 дэх заалтад “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж тус тус заасантай нийцүүлэн Агаарын цэргийн командлалын чиг үүрэг, үйл ажиллагааг хуулиар зохицуулах, хуулийн хамрах хүрээнд багтах субъектүүдийн эрх, үүрэгт нарийвчилсан зохицуулалт оруулах хууль зүйн хэрэгцээ, шаардлага бий болсон байна.




Төсөл санаачлагчид Улсын нисэхийн тухай хуулиар зохицуулагдах улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, хуульд заасан нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох, албан тушаалын харьяаллыг тодорхой болгох, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд улсын нисэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг тогтоохдоо баримтлах үндэслэлийг тусгах, улсын агаарын хөлгийн ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэгтэй холбогдсон харилцааг нэмж тусгах, улсын агаарын хөлгөөр тусгай үүргийн нислэг үйлдсэн тохиолдолд тухайн хэрэглэгч байгууллагаас төлбөрийг буцаан авахтай холбогдсон зохицуулалт, улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгтэй холбогдох харилцааг Агаарын цэргийн командлал хэрэгжүүлэх зохицуулалт, хуульд заасан “арилжааны нислэг” гэдэг нь монгол хэлний тайлбар, Иргэний хуулийн зохицуулалтаар энэхүү төрлийн нислэгийн үйлчилгээ үзүүлснээр эд хөрөнгийг ямар нэгэн эд хөрөнгөөр солих, авах гэсэн утга санааг илэрхийлсэн байгааг “төлбөрт нислэг” гэж өөрчилснөөр тухайн харилцааг хууль зүйн зөв утгаар ойлгож хэрэглэх боломж бүрдэх зэрэг хуулийг боловсронгуй болгох практик хэрэгцээ, шаардлага  байгаа хэмээн үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл