МЭНДЧИЛГЭЭ
Улс үндэстний маань хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээгч Азай буурал ахмадууд аа,
Дэлгэр сайхан эх орондоо болон дэлхий дахины өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, эв найрамдал, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улиран одож буй Гал тахиа жил Монгол Улс, монгол түмэнд минь үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна.
2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор монголчууд бид 3 сая 200 мянгуулаа болжээ. Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржиж, 66.2 саяд хүрлээ.
Газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад жинтэй хувь нэмэр орууллаа.
Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд барилга, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад нааштай, өсөлттэй олон ахиц өөрчлөлт гарлаа.
Улсын эдийн засаг өрийн дарамтад туйлдаж, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа хумигдсан, ард түмний аж амьдрал доройтон, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд хүрээд байсан хүнд цаг үеийг бид туулан давж чадлаа.
Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт 2017 оны гүйцэтгэлээр 5.1 хувьд хүрч өсөв. Нэгдсэн төсвийн орлого 660.0 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 2016 оныхоос 2.3 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум долларт хүрчээ.
Улс гэрээ өөд татахын төлөөх төр, засгийн зөв тууштай бодлого, нийт иргэдийн хамтын хүчин чармайлтын үрээр 1.1 тэрбум доллар буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулснаар өр, зээлийн дарамтаас гарч чадлаа.
Ийнхүү дотоодод сэргэлт бий болж, гадаадад улсын маань нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл идэвхжин, зээлжих зэрэглэл нэмэгдэж байна.
Уруудал доройтлоос ямар ч байсан гарч чадсанаар авч хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн амаргүй шийдвэрүүдээ эргэн харж, өөрчлөн засах боломж бүрдэж байна. Үүний нэгэн жишээ нь УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг хуучин хэвд нь оруулан, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон явдал юм.
Өсөлт дэвшил, орлого хуримтлал болгон монгол хүн, монгол айл гэрийн амьдралд үр ашиг, эерэг нөлөөний тусгал болж байх учиртай гэсэн зарчмыг бид цаашид ч тууштай баримтлах болно.
Угтан золгож буй нохой жилд хариуцлага сахилгыг эрхэмлэн, үргүй зардал, үрэлгэн байдлаас бүрмөсөн татгалзаж, зөвшилцөл ойлголцлоор аливаа асуудлыг хамтран шийдэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл, эргэлт буцалтгүй хөгжлийн суурийг тавьж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна.
Эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авч ирэхгүй. Монголоороо нэгэн сэтгэлтэй, Монголоороо нэгэн зүгт харж, бурууд нүд хурц, зөвд итгэл хамт байж чадах аваас Та бид гэрэлт сайхан ирээдүйгээ бүтээж чадна.
Эрхэм хүндэт монголчууд аа,
Манай ард түмэн үндэсний уламжлалт Цагаан сараар гэр бүл, ахан дүүсээрээ хуран цуглаж, амар мэндээ айлтган мэдэлцэж, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, ирж буй жилийн өнгийг аз жаргал, амжилт бүтээлээр бэлгэшээдэг сайхан заншилтай билээ.
Тийн унжлагат нохой жил ахмадуудад урт нас, ая тухтай амьдрал, өсвөр багачуудад эрүүл энх, инээд хөөр, залууст эрдэм боловсрол, ирээдүйг бүтээх эрмэлзэл, энэ цагийн ачааны хүндийг үүрэгч дунд үеийнхэнд эрч хүч, золбоо хийморийг авчрах болутгай.
Монгол эх орон минь даяарт цуурайтаж, сэргэн мандаг ээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД