Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.02.05-09/

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУВС-гаас Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Жеофф Готтлиеб “Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд зөв бодлогыг тууштай хэрэгжүүлснээр валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурлаа” гэж онцоллоо. 2018.02.05 http://www.parliament.mn/n/gi8o


 

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн Төрийн ордонд болж өндөрлөлөө. “Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалиар энгэрээ мялаав.

2018.02.05 http://www.parliament.mn/n/8j8o

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2018.02.06 http://www.parliament.mn/n/8t8o


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Байнгын хорооны хуралдааны эцэст Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжлээ. 2018.02.06 http://www.parliament.mn/n/8i8o


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Дараа нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, батлан хамгаалах чадавхийг тогтвортой хангах зорилтын үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахаар тогтов. 2018.02.06 http://www.parliament.mn/n/ef8o


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Байнгын хорооноос тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 2018.02.06 http://www.parliament.mn/n/ep8o


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Үргэлжлүүлэн "Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, холбогдох хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулахаар боллоо. 2018.02.07 http://www.parliament.mn/n/e38o


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Үндэсний номын сангийн удирдлага, ажилтнууд, ШУА, түүний салбар хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид зэрэг монгол судлалтай холбоотой бүхий л байгууллагын 150 орчим төлөөлөл оролцсон юм. 2018.02.07 http://www.parliament.mn/n/e78o


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. 2018.02.07 http://www.parliament.mn/n/jf8o


Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт 2018.02.07-нд болсон билээ. Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг, “Витафит импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өглөө. 2018.02.07 http://www.parliament.mn/n/jp8o


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр, 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Мөн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулсан УИХ-ын тогтоолыг баталлаа. Түүнчлэн “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. 2018.02.08 http://www.parliament.mn/n/j38o


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. 2018.02.08 http://www.parliament.mn/n/kb8o


Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт 2018 оны 2 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Хурлын үеэр талууд хоёр орны харилцаанд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, цаашид энэхүү механизмын тогтвортой үйл ажиллагааг хадгалах зорилгоор жил бүр тогтсон хугацаанд тодорхой сэдвийн дагуу зохион байгуулж байхаар тохиролцов. http://www.parliament.mn/n/kt8o


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы отгон хуралдаанаар "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж Улсын Их Хурлын дарга уг тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлахыг дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. 2018.02.09 http://www.parliament.mn/n/kp8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. 2018.02.09 http://www.parliament.mn/n/ki8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2018.02.09 http://www.parliament.mn/n/k38o


Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Үүгээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. Монголд Улсын Их Хурлын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. 2018.02.09 http://www.parliament.mn/n/mf8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг. 2018.02.09  http://www.parliament.mn/n/mj8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. 2018.02.09 http://www.parliament.mn/n/mt8o


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл