Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 04 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 04 дугаарт  Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.


Агаарын тухай хуульд Агаарын бохирдлын эсрэг сантай холбоотой зүйл нэмсэн бөгөөд Агаарын бохирдлын эсрэг сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхаар хуульчилжээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Агаарын бохирдлын эсрэг сангийн талаар тусгасан бөгөөд Агаарын бохирдлын эсрэг сангийн хөрөнгө нь агаарын бохирдлын төлбөрийн орлого 100 хувь, нөхөн төлбөр, бусад орлогооос бүрдэхээр заажээ. Түүнчлэн сангийн хөрөнгийг агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох, стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, стандартын шаардлагад нийцсэн бүрэн шаталттай зуухны техник, технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх, агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, хэмжилтийн багаж төхөөрөмж худалдан авах, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг судлан тогтоох болон агаарыг хамгаалахтай холбоотой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, найдвартай ажиллагааг хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулахаар тусгажээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Мөн дугаарт Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай тогтоолоор Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосон байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл