Цэс

Холбоо барих

Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.30) хуралдаан 14 цаг 36 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Иймээс тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.


Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар энэ төслөөр монголын төр тодорхой хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, түүнийгээ олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргийнхээ дагуу гадны улсын дипломат төлөөлөгчийн газарт ашиглуулахаар тусгасан байгаа. Гэтэл энэ асуудлыг улстөржүүлэн гадны улсад газар худалдах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулсан мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацаж байгаад холбогдох яамд анхаарч олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс албан ёсны тайлбар мэдээлэл хийх шаардлагатай байна гэдгийг хэлсэн юм. Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон тухай батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Дараа нь Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар танилцуулга хийсэн юм.


Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар Сангийн сайд болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.


Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, нийтдээ 9 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тухайлбал, уг зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт 24 сургууль, хүүхдийн 16 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр 2 сургууль, 8 цэцэрлэгийн барилга барьж гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Мөн энэхүү зээлийн санхүүжилтээр хэд хэдэн аймагт нарны, салхины болон нар-салхины хосолсон станц барих, гүний халаалтын систем суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх, төсөв, санхүү, татварын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийслэлийн Сэлбэ, Баянхошуунд дэд төвүүд байгуулах замаар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг лаборитарийн хамт барих, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн цогц үйлчилгээг төвлөрүүлэх зорилгоор Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Архангай, Дорноговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор барих, Улаанбаатар хотод инкуватор төв байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 130 сая ам.долларыг нь улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах юм байна.

Харин 38 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж хатуу хучилттай болон сайжруулсан шороон зам, дугуйн зам тавих, цэвэрлэх байгуулж барих, автомашины зогсоол, мэдээллийн төв байгуулах, зарим зам гүүрийг шинэчлэн засварлах зэрэгт 35 сая ам.доллар зарцуулах, үлдсэн 3 сая ам.долларыг Хан Хэнтий, Орхоны хөндий, Өгийнуурын байгалийн аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөнд Байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Учир нь Их эзэн Чингис хааны өлгийн нутаг, Монголын түүхийн дурсгалт газар болох Хан Хэнтийн байгалийн аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх асуудалд Байнгын хорооны гишүүд анхаарал хандуулж, зээлийн санхүүжилтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байх үед энэ хүрээнд тодорхой хөрөнгө тусгахаар шийдвэрлээд байсан юм. Өмнөх Засгийн газар ч энэ асуудлыг дэмжиж байжээ. Гэтэл АХБ-ны зүгээс өмнө нь хэрэгжүүлсэн төслийн судалгаа тооцоонд үндэслэн нэгэнт ТЭЗҮ нь хийгдэж, тодорхой үр дүнд хүрээд байгаа Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийн санхүүжилтийн асуудлыг энэ удаад бүрэн шийдэх нь зүйтэй, харин Хан Хэнтий, Орхоны хөндий, Өгийнуурын аялал жуулчлалын бүс нутгийн судалгаа тооцоог хийх санхүүжилтэд зохих хөрөнгө мөнгө тусгаад ТЭЗҮ нь бэлэн болохоор дараагийн удаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамруулъя гэсэн байр сууриа илэрхийлсний дагуу дээрх төслийн задаргааг оруулж ирснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдэд танилцуулав. Тэрбээр энэ санхүүжилтийг төсөл нэг бүрээр биш бүхэлд нь батлах учиртай юм, хэрэв нэг асуудал задарвал төсөл бүхэлдээ хойшлогдож, асуудлыг анхнаас нь эхлэхэд хүрнэ гэдгийг сануулж байв. Сангийн сайд ч гишүүдэд мөн ийм утгатай тайлбар хэлж, хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжихийг хүссэн юм.  


Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Батболд, О.Содбилэг нар энэ зээл нь хүү багатай, урт хугацаатай сайн нөхцөлтэй хэдий ч зээл үр өгөөжөө өгсөн, үлдэцтэй байх ёстой, Засгийн газар, холбогдох яамд цаашид аливаа төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцээрийн санхүүжилтийн асуудалд нухацтай хандаж төсөв хөрөнгийн зарцуулалтын задаргааг хамтад нь оруулж ирж байх шаардлагатайг сануулж байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар төрийн ажил, бодлого шийдвэр залгамж чанартай байх ёстой, өмнө гаргасан шийдвэр, зарчмаасаа ухраад байж таарахгүй гэдгийг анхааруулаад санхүүжилтийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн задаргааг ажлын хэсэг дахин авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.  

Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.


Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. ЭЗХХАС нь 1993 оноос хойш манай улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд манай улс 1993-2017 оны хооронд тус сангаас нийтдээ 88.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байгаа аж.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй авах юм байна. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа, харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа бөгөөд хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батлуулна. Баталсан жагсаалтын дагуу төслийн санхүүжилтийг 2017-2019 онд шат дараалан БНСУ-ын Засгийн газар шийдвэрлэх бөгөөд төсөл тус бүрээр тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар асуулт асууж тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан нар үг хэлж зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд нэн таатай нөхцөлтэй хөгжлийн ийм зээлийг үр өгөөжтэй ашиглахад анхаарах нь чухал, зээлийн эх үүсвэрийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, утааны эх үүсвэртэй тэмцэхэд чиглүүлэх, энэ үндсэн дээр хүн амын эрүүл, аюулгүй, уцаар бухимдалгүй амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд ашиглах саналыг дэмжиж байгаа, гол нь зээлийн үр өгөөж иргэдийн гарт баригдаж, нүдэнд харагдахуйц байхад Засгийн газар анхаарч маш хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах шаадлагатайг хэлж байлаа.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.

Манжуурт Консулын газар нээж ажиллуулах асуудлыг зөвшилцөв

Дараа нь Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээж ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм.

Манай улсын иргэд хамгийн олноор зорчдог БНХАУ-д Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Хөх хотод Ерөнхий консулын газар, Эрээн хотод Консулын газар ажиллаж, тус улсад зорчиж байгаа болон ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, манай улсад зорчих гадаадын иргэдэд виз олгох асуудлыг хариуцдаг.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Хайлаар хот дахь Консулын газрыг өнгөрсөн оны 6 дугаар сард хааж, тус газрын хамаарч байсан ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Эрээн дэх Консулын газрын тойрогт хамруулсан байна.

Ингэснээр Эрээн хот дахь Консулын газрын ачаалал улам нэмэгдэх, улмаар тус газраас Дорнод, Дорноговь аймгууд дахь Сүмбэр, Хавирга, Баянхошуу болон Ханги боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай үзүүлэхэд орон зай, цаг хугацаа, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэхээр байгаа аж. Иймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар  нээж ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэний дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр хэлэлцүүлж буйг Гадаад харилцааны сайд танилцуулав.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотын зэрэгцээ Улаанбаатар-Манжуурын чиглэлд Хүннү-Эйр компани долоо хоногт 5 удаа шууд нислэг хийдэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог агаад цаашид улам өсөх хандлагатай байгаа. Мөн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэдгийг сайд тодотголоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 527 иргэн, 2017 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 170670 иргэн дээрх дөрвөн боомтоор дамжин Манжуур хотод зорчсон байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Манжуурын Консулын газрын тойрогт хамруулбал тус бүс нутагт буй БНХАУ-ын иргэд манай улсад зорчих виз авахаар Эрээн хот хүртэл 1500 км зорчихгүйгээр Манжуураас авах боломжтой болох аж.

Манжуур хотод Консулын газар нээх асуудлыг хятадын талд дипломат шугамаар тавьж, яриа хэлэлцээг эхлүүлжээ. Мөн Консулын газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зохих зардлыг 2018 оны төсөвт тусгаж батлуулжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан санал хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээж ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл