Цэс

Холбоо барих

Хэлэлцэх асуудлуудыг хойшлуулахаар шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2018.01.30) 14 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцуулж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Г.Тэмүүлэн нар санал хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцлүүлгийг өнөөдрийн хуралдаанаар хийхээр төлөвлөсөн байсан. Төсөлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглож, импортод хяналт тавих зохицуулалтын талаар тусгасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, дээрх төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч О.Батнасан “Төслийн зарим зохицуулалтуудыг нарийвчлан судалж, олон улсын жишигт нийцүүлэх, талуудыг оролцоог хангасан шат шатны хэлэлцүүлэг явуулах шаардлагатай” гэдэг үндэслэлийг танилцуулаад хэлэлцүүлгийг хойшлуулж саналтай байгаагаа илэрхийлэв.


Өнөөдрийн хуралдаанаар мөн хүн амын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан журмаар зарим нэр төрлийн хүнсийг баяжуулах, хүн амд хүртээмжтэйгээр тасралтгүй үйлдвэрлэх, баяжуулагч бэлдмэлийг хадгалах, тээвэрлэх, худалдахтай холбогдон харилцааг зохицуулах Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Улсын Их Хурлын гишүүн, тус төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн долоо хоногт шинэчилсэн. Бид төсөлтэй танилцан, хүнс баяжуулагч үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлага, үйл ажиллагааг нь зохицуулдаг журмыг судаллаа. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэгт оруулахын өмнө зарим зүйлийг тодорхой болгох, үргэлжлүүлэн судлах шаардлага үүссэн” хэмээгээд хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах саналыг гаргав.

Байнгын хорооны дарга Ажлын хэсгүүдийн ахлагчдын саналыг хүлээн авч, хойшлуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл