Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.01.30) БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав.


Уулзалтаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Элчин сайдад хандан хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах санал тавьсан юм. Юуны түрүүнд 2020 онд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиохтой холбогдуулан Байнгын хорооны хамардаг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд боловсролын салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны боловсрол, соёлын асуудал хариуцсан сайдын айлчлалыг харилцан зохион байгуулах саналтай байна гэв. Мөн хоёр талын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын тоог нэмэхэд анхаарахыг хүслээ.


Түүнчлэн Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, “Чингис хаан” дуурийг БНСУ-ын цэнгэлдэх хүрээлэнд толилуулах, Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сэргээн засварлахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ярианыхаа төгсгөлд тэрбээр, БНСУ “Пёнчан 2018” өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, амжилт хүссэн юм.

Элчин сайд У Сун, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсныг тэмдэглээд, Байнгын хорооны даргын дурдсан салбаруудад харилцаагаа өргөжүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа уламжлав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл