Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2018.01.25) 14.00 цаг 20 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон учир Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатыг сонгох саналыг Байнгын хорооноос дэвшүүлжээ. Дэд хорооны даргыг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн. Дэд  хорооны даргыг сонгосонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар санал хэллээ.


Үргэлжлүүлэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсгийг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Түүнчлэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл болон, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг нэг гишүүнээр дагнуулан ахлуулмаар байна. Ингэснээр хүнсний салбарын хуулиудын уялдаа сайжирна гэсэн саналыг хэлж байлаа.  

Ингээд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасанг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл