Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.26) хуралдаан 09 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.


   Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.


    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.   

   Төслийн эхний шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

   Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.


   Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлыг санхүүжүүлэх юм байна. Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажилласан тул уг төслийг хэрэгжүүлж шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.



     Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфуртхот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

    Дараа нь Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.


   Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээр улсаас өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа аж. Иймээс эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.


   Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улс  Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай санал хураалтыг улс тус бүрээр явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл