Цэс

Холбоо барих

“Цэцэн түшээ-2” шатрын уламжлалт тэмцээн эхэллээ

Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн өнөөдөр /2018.02.05/ Төрийн ордонд болж байна.


            Тэмцээнийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ.



         

       Тэрбээр хэлсэн үгэндээ “Шатрыг стратегийн, оюуны спорт гэж дэлхий дахинд үздэг. Манай бүлэг нэг жилийн хугацаанд шатрын спортыг хөгжүүлэх, ялангуяа өсвөрийн шатарчдыг дэмжиж, ирээдүйн их мастеруудыг бэлтгэн гаргахын төлөө багагүй зүйл хийлээ. Миний хувьд насанд хүрэгчдийн шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймагт зохион байгуулахад дэмжиж ажилласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн санаачлага, дэмжлэгтэйгээр өсвөрийн шатарчдын дунд “Ногоон бэрс” тэмцээн зохиогдсон. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэгтэйгээр Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил Архангай аймагт зохион байгуулах гэж байна.



      

      Энэ онд бидний хийх нэг чухал ажил бол Шатрын ордноо барьж эхлүүлэх явдал юм. Судлаад үзэхэд Казахстан, ОХУ, АБНЭУ, Катар, ОХУ-ын Халимаг гээд олон газар шатрын ордон байгуулж, оюуны спортыг төрийн бодлогынхоо цөмд байлган, ирээдүйн шатарчдаа дэмждэг юм байна. Бид ч ийм зорилготой ажиллаж байгаа” гэдгийг онцлов.

     



      Тэмцээнд зөвхөн Улсын Их Хурлын гишүүд оролцох бөгөөд швейцарь системээр зургаан өрөг тоглох юм. Хоёр дахь жилдээ зорхиогдож буй энэ удаагийн тэмцээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Х.Болорчулуун, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Л.Энхболд, Ө.Энхтүвшин нарын зэрэг гишүүд ур ухаанаа сорьж байна. 






“Цэцэн түшээ-2” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, нарийн бичгийн дарга Ц.Цогбаяр нар болон албаны бусад хүн оролцлоо.


Тэмцээн үргэлжилж, одоогоор гурав дахь өрөг эхлээд байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл