Цэс

Холбоо барих

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд спортын салбарын төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг хийв

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өнөөдөр (2018.01.31) спортын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо, мэргэжлийн үндэсний холбоод болон спортын асуудал хариуцсан бусад төрийн бус байгууллагын 80 гаруй  төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал биеийн тамир, спортын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, боловсронгуй болгох талаар өнгөрсөн хугацаанд онцгой анхаарч ажиллалаа. Тухайлбал, Улсын Их Хурал 2017 оны долдугаар сарын 06-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан билээ. Энэ оноос эхлэн хууль хэрэгжиж эхэлж байгаа тул шинээр батлагдсан хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, олны хүртээл болгох ажилд Та бүхний дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг энд онцлон тэмдэглэмээр байна.

Салбарын бодлого, шийдвэрийн талаарх та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор Байнгын хорооны зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Спортын салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих талаар болон тус салбарт тулгамдаж байгаа асуудлууд, гарц, шийдлийн талаар өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэлээ.


Дараа нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр, “Төрөөс биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. БСШУС-ын яамны дэргэд болон дотор ажиллаж байгаа бүтэц өнөөдрийн шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Салбарын асуудлыг бүтцийн хувьд хэрхэн өөрчилж, шинэчлэх тал дээр бид хамтран ажиллах ёстой” хэмээн онцлон хэлэв.


Хэлэлцүүлгийн үед салбарын төлөөллүүд тулгамдаж буй асуудал, санал бодлоосоо хуваалцсан юм. Тухайлбал, Монголын парахөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын цогцолбор барих асуудал удааширч байгааг уламжилсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баттулга биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын цалин хөлсний асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Түүнчлэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны тэргүүн Ч.Наранбаатар, спортын шинжлэх ухаан, судалгааны төвийг байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, шинэ спортын төв ордон барихад Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн.


Мөн спортын танхим барихад стандартад нийцсэн агааржуулалт, халаалтын системээр тоноглох асуудлыг журамлах, биеийн тамирын гадаа талбайг тохижуулах, гудамж, хороололд биеийн тамирын орчин бүрдүүлэх, тусгай хүүхдүүдэд зориулсан биеийн тамир, спортын хэрэгсэлтэй болох зэрэг саналууд гарч байлаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах журмууд дээр санаа бодлоо хуваалцаж, хамтран ажиллахыг хүслээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Та бүхний гаргасан  санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байнга дэмжиж, хамтран ажиллах болно” гэж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл