УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ХЭЛБЭР
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь ЧУУЛГАН байна. Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ. Улсын Их Хурлын чуулган АНХДУГААР, ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС, ОНЦГОЙ гэсэн хэлбэртэй байх бөгөөд Улсын Их Хурал ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН хийж болно.
АНХДУГААР ЧУУЛГАН
Анхдугаар чуулганыг ээлжит сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.
Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
1.Шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
2.Улсын Их Хурлын даргыг сонгох;
3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
6.Ерөнхий сайдыг томилох;
7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.