Цэс

Холбоо барих

Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2012-2016 он/

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 06 дугаар сарын 28-ны өдрийн Пүрэв гарагт улс орон даяар зэрэг зохион байгуулагдсан билээ.

Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдсон.

Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 15549 албан хаагч ажиллаж, сонгуулийг зохион байгуулав. Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авсан юм. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулав.

Энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг нэмж тооцвол нийт сонгогчдын 67.28 хувь нь оролцож саналаа өгчээ.

Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан бөгөөд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлснээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.

Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулсан юм.

Сонгуулийн дүнгээр Ардчилсан намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний зориг-Ногоон намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ.

Энэ удаагийн парламентын бас нэг онцлог нь Улсын Их Хуралд гурван намын бүлэг байгуулагдаж, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон намын төлөөлөлтэй байсан явдал юм.

БАЙНГЫН ХОРООД

Улсын Их Хурал 2013 оны наймдугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна Улсын Их Хурал, түүний Байнгын болон Дэд, Түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх; өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах чиг үүрэгтэй Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулснаар зургаа дахь удаагийн Улсын Их Хурал зохион байгуулалтын бүтцийн хувьд найман Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулсан юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, Ж.Энхбаяр, М.Сономпил нар сонгогдон ажилласан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан, Су.Батболд, Л.Эрдэнэчимэг нар сонгогдон ажилласан.  

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар З.Баянсэлэнгэ, Д.Батцогт нар сонгогдон ажилласан.

Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа, О.Баасанхүү, Ж.Батзандан нар сонгогдон ажилласан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей сонгогдон ажилласан.

Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, Б.Болор, Ч.Улаан нар сонгогдон ажилласан.

Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж, Д.Ганбат нар сонгогдон ажилласан.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Ж.Батсуурь, Ц.Баярсайхан нар сонгогдон ажилласан.







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл