Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу тав дахь удаагийн Улсын Их Хурлыг сонгох сонгууль 2008 онд 76 мандаттай, томсгосон 26 тойрогт явагдсан.
Энэ удаагийн Улсын Их Хуралд МАХН-аас 46, АН-аас 27, ИЗН-аас нэг, Ногоон намаас 1, бие даан нэр дэвшигч 1 тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ.
Улсын Их Хурлын тав дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа нь нэлээд онцлогтой байлаа. Тухайлахад,
Улс төрийн зөвшилцлөөр хамтарсан Засгийн газар байгуулан мөрийн хөтөлбөрөө хамтарч хэрэгжүүлэх томоохон зорилт тавьж ажилласнаар улс төрийн тогтвортой байдлыг хангаж, улмаар нийгмийн өмнө тулгамдсан олон чухал зорилтыг шийдвэрлэж чадсан.
Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа нь улс орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавьсан жилүүд байв. 2009 оны эхээр дэлхий дахиныг хамраад байсан санхүүгийн хямрал манай улсын эдийн засаг, нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлснийг Улсын Их Хурал зөв мэдэрч 2009 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө, 2009 оны төсөвт тодотгол хийх болон нэн тулгамдсан зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол баталж, ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол баталж, тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс- Тавантолгой” компанийн хувьцааны 10 хүртэл хувийг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа нийгмийн халамжийн бодлогод шинэчлэл хийж, Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн баталсанаар урьд нь хавтгайруулан олгодог байсан халамжийн хэлбэрийг өөрчилж, төрийн халамж, үйлчилгээг нийгмийн зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэг рүү чиглүүлсэн.
Хүний хөгжил сангийн тухай хууль батлан гаргасан нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх боломж бүрдүүлэв.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд илүүтэй анхаарч хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлж ажиллажээ.
Энэ удаагийн Улсын Их Хурал нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэх, төрийн дээд, өндөр албан тушаалтны ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрмийг баталсны зэрэгцээ энэ асуудлыг хариуцан ажилладаг Ёс зүйн дэд хорооны эрх зүйн орчныг бүрдүүлж өгөв. Түүнчлэн төрийн албаны сонирхлын зөрчлийн асуудлыг нухацтай авч үзэж тусгайлан хууль баталсны зэрэгцээ Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд холбогдох заалтууд нэмсэн байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан нь энэ парламентын түүхэн шийдвэрийн нэг юм. Сонгуулийн үед иргэдийн саналыг мөнгөөр худалдан авахыг санаархдаг, биелэх үндэслэлгүй амлалт өгдөг, санал хураалтын дүнг хэн нэгэн нэр дэвшигч, аль нэг улс төрийн хүчний ашиг сонирхолд нийцүүлэхийг оролддог бусармаг аргыг шинэ хуулиар хааж өгсөн нь нийгэмд шударга ёсыг тогтоох, төрд итгэх иргэд сонгогчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн чухал алхам болсон билээ.
БАЙНГЫН ХОРООД
Тав дахь удаагийн Улсын Их Хурал зохион байгуулалтын бүтцийн хувьд долоон Байнгын хороотой ажиллаж иржээ. Үүнд:
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар З.Энхболд, Я.Батсуурь, Э.Мөнх-Очир нар сонгогдон ажилласан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Батж.Батбаяр, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир нар сонгогдон ажилласан.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол, Д.Арвин, Д.Очирбат, А.Тлейхан нар сонгогдон ажилласан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар нар сонгогдон ажилласан.
Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа, О.Чулуунбат нар сонгогдон ажилласан.
Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Жекей, Б.Бат-Эрдэнэ, Д.Одбаяр нар сонгогдон ажилласан.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Баярсайхан, Д.Зоригт, Р.Буд нар сонгогдон ажилласан.