Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр парламентад суудал авсан улс төрийн хүчнүүдэд нэгдэн зохицож, хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлэн ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байв. Тиймээс энэ Улсын Их Хурал манай орны улс төрийн амьдралын нэн хариуцлагатай үед өөрийн бодлого, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Улсын Их Хурлын 2004 оны ээлжит сонгуульд улс төрийн 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж оролцсоноос МАХН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам 1 суудал авч, бие даан нэр дэвшсэн 3 нэр дэвшигч гишүүнээр сонгогджээ. Ингэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий парламентын олонхи, цөөнхгүй өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай улс төрийн гол хүчнүүдэд хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгсөн онцлогтой юм. Тиймээс МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч, “Зөвшилцлийн гэрээ” байгуулан хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан билээ.
Улсын Их Хурал дахь “Эх орон-Ардчилал“ эвсэл 2004 оны арван хоёрдугаар сард татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд сонгогдсон нийт 26 гишүүн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн орж ажиллажээ. Харин 2005 оны долдугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээр “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” өөрчлөгдөн хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Ийм нөхцөл байдалд парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал байв. Энэ удаагийн Улсын Их Хурал ийм хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монголын парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй бөгөөд сургамжтай үеийн түүхийг бүтээжээ.
Дөрөв дэх удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд баталсан зарим онцлог хууль, тогтоолуудаас тоймлон дурдахад:
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлан гаргаснаар эрх зүйн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлсэн.
- Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлан гаргасан.
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль баталснаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай болсон.
- Сэргээгдэх эрчим хүчний хууль батлан гаргаж эрчим хүчний төвлөрсөн систем, бүс нутгийн эрчим хүчний найдвартай,бие даасан ажиллагааг хангах,алслагдсан сум,суурин газрууд,малчин айл өрхийг цахилгаанаар хангах зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой болжээ.
- Авлигын эсрэг хууль, Хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин Үндэсний радио, телевизийг Засгийн газрын хараат бус болгож Олон нийтийн радио,телевизийн тухай хууль батлан гаргаж өөрчлөн зохион байгуулсан.
- Ашигт малтмалын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /шинэчилсэн найруулга/, Төмөр замын тээврийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ зэрэг томоохон хуулиуд батлан гаргасан.
- Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулиуд баталж нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авсан.
- Монгол Улсын Их Хурлын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгуулийн шинэ тогтолцоог батлан хэрэгжүүлжээ.
БАЙНГЫН ХОРООД
Бүтцийн хувьд энэ удаагийн Улсын Их Хурал нь зохион байгуулалтын хэлбэр болох Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны наймдугаар сард долоон Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Улмаар 2004 оны арван хоёрдугаар сард 11 Байнгын хороотой болж, 2006 оноос Байнгын хороодын тоог цөөрүүлэн долоо болгожээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Мөнхтуяа нар сонгогдон ажилласан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ч.Раднаа, А.Бакей, Я.Санжмятав нар сонгогдон ажилласан.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар С.Ламбаа, Т.Ганди нар сонгогдон ажилласан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Су.Батболд, Д.Дондог нар сонгогдон ажилласан.
Төсвийн байнгын хорооны даргаар Р.Бадамдамдин, Ч.Улаан, Л.Пүрэвдорж нар сонгогдон ажилласан.
Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Шаравдорж нар сонгогдон ажилласан.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран, Л.Гантөмөр, Д.Ганхуяг нар сонгогдон ажилласан.