Цэс

Холбоо барих

Гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2000-2004 он/

Энэ удаагийн Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийн дүнд МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авч МАХН парламентад үнэмлэхүй олонх болжээ.

Энэ удаагийн Улсын Их Хуралд төрийн бодлогын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин өргөжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх түүхэн хариуцлага ногдсон болно.

Улсын Их Хурлын гурав дахь удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент нь төрийн бодлогын тогтвортой шинж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, бодлогын чанартай болон эрх зүйн томоохон шийдлүүдийг гаргахад бодитой алхам хийсэн.

Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн сонгуулийг товлон зарлахаас нэг сарын өмнө улс орны эдийн засаг, нийгмийн болон санхүүгийн байдлыг мэдээлдэг шинэ жишиг тогтоосон нь төр, засгийн байгууллага сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгаагаа үнэлүүлэх боломжийг бүрдүүлэв.

Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон Төрийн аудитын тухай хуулиуд батлагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрдэв.

Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг томоохон хуулийг шинээр батлав. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах эрхэм зорилгын хүрээнд Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрийг баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулав.

Газрын шинэтгэлийн бодлогыг тодорхойлсон газрын тухай багц хууль, түүний дотор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлан гаргасан нь иргэний нийгмийн баталгааг хангах, газрыг аж ахуйн эргэлтэд оруулах хийгээд анх удаа иргэд газраа өмчлөх эрхийг нээж өгсөн чухал ач холбогдолтой болжээ.

Иргэдийнхээ нийгмийн хамгааллын талаар төр, засгаас онцгойлон анхаарч ирсний дүнд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, хөдөлмөрийн хөлсний болон тэтгэврийн доод түвшингийн хэмжээ хоёр дахин нэмэгджээ.

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Монголын төр, засгийн бодлого, тогтвортой үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй юм. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаагаа 10 орчим хувиар нэмэгджээ.

Энэ удаагийн Улсын Их Хурал хүн төрөлхтний хөгжлийн хоёр зуун солигдох түүхэн цаг мөч тохиосон үед үйл ажиллагаагаа явуулж ирсэн онцлогтой. Мянган солигдох түүхэн үйл цаг мөчид  зориулж Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулган хуралдуулан Монголын төрт улсынхаа түүхэн уламжлал, замналын сургамжаас суралцан төрт ̧ёсоо дээдлэн түмэн олныхоо тусын тулд эв эеэ хичээн зүтгэх үүрэг, хариуцлагынхаа тухай ярилцжээ.

БАЙНГЫН ХОРООД

2000-2004 оны Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх парламентын Байнгын хороодын бүтцийг хэвээр хадгалан долоон Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ш.Гунгаадорж, Т.Ганди, Д.Дэмбэрэл, Н.Баяртсайхан, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар Байнгын хороодын даргаар 4 жилийн хугацаанд улиран сонгогдож ажиллажээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл