Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга инфографик, тогтоолын танилцуулгын хамт толилуулж байна.
“НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ”
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталлаа. “Нэмэгдлийн хэмжээ тогтоох” Улсын Их Хурлын тогтоол нь 4 заалттай.
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасны дагуу дээрх тогтоол батлагдав. Тогтоолд тусгаснаар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус олгохоор болсон.
Монгол Улсын 2018 оны төсвийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад дээрх алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгоход зориулж 6.4 тэрбум төгрөг туссан бөгөөд одоогийн сар бүр авч байгаатай ижил хэмжээгээр авах тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс