Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд
даргатай уулзав
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Пак Жү Сөн-ий урилгаар 2018 оны 03 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айчлал хийлээ.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг айлчлалынхаа эхний өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Пак Жү Сөн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Ган Чан Ир нартай тус тусын албан уулзалт хийв. Уулзалтад УИХ-ын гишүүн, тэргүүтэй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва, А.Ундраа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
БНСУ-ын Үндэсний Ассамлбейн дэд дарга Пак Жү Сөн уулзалтын эхэнд, Монгол Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа таатай буйгаа илэрхийлээд БНСУ, Монгол Улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсний зэрэгцээ хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ.
Пак Жү Сөн дэд дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “БНСУ-д хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор ирж буй Монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 760 гаруй гадаад оюутан БНСУ-д улсад суралцахаар ирдэг. Тэдгээр оюутнуудын 17 нь нь Монгол оюутан байна. Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнууд цаашид хоёр улсын харилцаанд гүүр болж ажиллах чухал үүргийг гүйцэтгэнэ” гэв.
Сүүлийн үед Солонгост нарийн ширхэгтэй тоосонцор ихэсч, энэ нь нийгмийн хурцадмал асуудлуудын нэг болоод байна. Тоосонцор үүсч буй газарт нь арга хэмжээ авахгүй бол БНСУ дангаараа тэмцээд тодорхой үр дүнд хүрэхгүй тул уг асуудлыг олон улсын хэмжээнд, ялангуяа Монгол, Хятад зэрэг орнуудтай хамтран шийдвэрлэх шаардлагатай гэдгийг Пак Жү Сөн дэд дарга онцолж хэлэв.
Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэд дарга “БНСУ, Монгол Улсын хооронд нэг авиа компани нислэг үйлдэж, онгоцны багтаамж бага байгаа зэрэг шалтгаанаар тийзийн үнэ өндөр байна. Энэ салбарт компаниудын өрсөлдөх боломжийг олгосноор нислэгийн давтамж нэмэгдэн, тийзийн үнэ буурч, улмаар хэрэглэгчид хүссэн цагтаа боломжийн үнээр харилцан зорчих боломж нээгдэнэ” гэв.Түүнчлэн энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхэд монголын хууль тогтоогчдоос дэмжлэг хүсэв.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргад хандан урилга ирүүлж, айлчлал хийх бололцоо олгосон явдалд талархал илэрхийлээд Пак Жү Сөн дэд даргын хэлсэнтэй санал нэг байгааг илэрхийллээ. БНСУ-ын Засгийн газар Монгол Улсаас жил бүр авах оюутны тоог нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд монголчуудын БНСУ-д хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог нэмэгдүүлэх асуудлыг анхааралдаа авч, дэмжиж ажиллахыг Үндэсний Ассамблейн дэд даргаас хүсэв.
Мөн тэрээр хоёр улсын парламент хоорондын харилцаа, түүний дотор Тамгын газрууд хоорондын харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцолж, Парламентын дэргэдэх Судалгааны төвүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг солонгосын талд тавилаа.
Ё.Баатарбилэг дарга хэлэхдээ “Туурин, шар шорооны асуудал нь БНСУ төдийгүй бүс нутгийн хэмжээнд яригдах асуудал бөгөөд Монгол Улс, БНХАУ болон БНСУ хамтран томоохон судалгааны баг ажиллуулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн тоосонцорын эсрэг тодорхой, үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах нь үр дүнтэй” гэв. Уулзалтын үеэр байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргад УИХ-ын дарга, дэд даргын мэндчилгээг уламжилж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
УИХ-ын НББСШУБХ-ын дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Ган Чин Ир-тэй уулзлаа. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Монгол Улс нь БНСУ-ыг гуравдагч хөрш орноо хэмээн үздэг бөгөөд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн БНСУ нь Монгол Улсаас ажиллах хүч авах квот тогтоож, монголчуудад БНСУ-д хөдөлмөр эрхлэх боломж олгож байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны асуудалд анхаарал хандуулж, тэднийг тогтвор сууршилтай ажиллах тал дээр бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг бүлгийн даргаас хүслээ.
БНСУ-д 7000 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн Монгол Улсын их дээд сургуулиудын салбар сургуулийг БНСУ-д нээх асуудлыг хууль эрх зүйн түвшинд судалж үзэхийг Ё.Баатарбилэг дарга Ган Чан Ир гишүүнээс хүсэв. Түүнчлэн, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан УИХ-ын даргын урилгыг тэрээр дахин нотлов.
Ган Чан Ир гишүүн Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлэг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-тай ойр хамтран ажилладаг бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүлгийн зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Монгол ажилчдынхаа эрхийг хамгаалахад анхаарч
ажиллахыг зөвлөлөө
УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ дахь Монгол Улсын НХХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус төв нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын хөдөлмөрийн гэрээт ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, БНСУ-д оршин сууж буй иргэдэд Монгол Улсын нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх зорилгоор байгуулагджээ. Тус төвөөс гаргасан судалгаагаар БНСУ-д 46000 гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч байгаагаас хөдөлмөрийн гэрээтэй 6700, богино хугацааны аялалын визтэй 21500, суралцаж буй 7900, тусгай мэргэшилтэй 190, байнгын оршин суух 600, солонгос хүнтэй гэр бүл болсон 1700 гаруй иргэд байдаг байна.
Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс БНСУ руу хөдөлмөр эрхлэхээр явах сонирхолтой монгол иргэдийн тоо нэмэгдэж, Улаанбаатарт хөдөлмөрийн биржийн үүдэнд ачаалал, бөглөрөл үүсч байна. Иргэд бүртгүүлэх, шалгалт өгөхдөө тодорхой хэмжээний мөнгөн хураамж төлж, цаг хугацаа зарцуулж байна. Энэ нь эргээд хүлээлт, бухимдал, ар гэрт нь санхүүгийн хүндрэл учруулж байна. БНСУ руу ажиллах хүч илгээхдээ эрэлт хэрэгцээний судалгаанд үндэслэн, тус улсын хэл, соёл, хууль дүрмийн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг иргэдэд өгөх зэрэг асуудалд анхаарал хандуулж, уг асуудлыг төр засгийн хэмжээнд бодлогоор зохицуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.
Мөн БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээрээс Монгол ажилчдыг сонгоход манай Элчин сайдын яамны зүгээс БНСУ-ын ажил олгогч иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдэнд бодитой зөв мэдээлэл өгөх, Монголоос ажилчид сонгохын давуу, сайн эерэг талуудыг ойлгуулах, тэнд ажиллаж байгаа Монгол ажилчдынхаа эрхийн зөрчлийг хамгаалах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг зөвлөлөө.
Монголын их дээд сургуулиудын салбарыг
БНСУ-д нээх асуудлыг хөндөв
УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНСУ-ын Дээд боловсролын асуудал хариуцсан дэд сайд И Жин Сөг-тэй уулзах үеэрээ монгол оюутан, залуусыг БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах боломж олгож буйд талархал илэрхийлээд цаашид Солонгос Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад судалгааны их сургууль байгуулахад солонгосын туршлагаас судлах, монголын их дээд сургуулиудын салбарыг БНСУ-д нээх зэрэг асуудлыг хөндөн ярилаа.
И Жин Сөг дэд сайд “Хоёр улсын болосвсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсаас БНСУ-д суралцах оюутны тоо өсч байгаагаас харагдаж байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дэлхийн 155 орны оюутан солонгост суралцаж байна. Монгол Улсад оногдож буй квотын хэмжээ 3 дугаарт орж байна. БНСУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх өөр боломжууд бий. МУИС, Сөүлийн Үндэсний Их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд СҮИС-ийн тэтгэлгээр оюутан сургах боломжтой. Судалгааны их сургууль байгуулах тухайд бид Та бүхэнтэй хамтран ажиллах боломжтой. Солонгост улсын 40, хувийн 160 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн СҮИС гэлтгүй бусад сургуулиудтай хамтран ажиллах санал тавибал бид дуртайяа хүлээн авах болно” гэв.
Мөн УИХ-ын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Сөүлийн Үндэсний Их сургуулийн ерөнхийлөгч Сөн Наг Ин-тэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, БНСУ-ын дээд боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, Азийн шилдэг сургууль СҮИС-тай МУИС хамтын ажиллагааны гэрээ байгуулан идэвхтэй хамтран ажиллаж, СҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгээр монгол оюутнууд тус сургуульд амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Төлөөлөгчид СҮИС-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Оюутнуудын зүгээс сургуулиа төгсөөд нутаг буцахад ажлын байраар хангах, гадаадад сургууль төгссөн монгол оюутнуудыг буцаад эх оронд нь татах чиглэлээр бодлогын түвшинд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байв. УИХ-ын гишүүд оюутан залуусын хэлсэн санал, бодлыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлэв.
Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Ханян их сургуулийн “Эрика” инновацын цогцолбор хотхон, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.