Тамга нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төр ёсны бэлгэ тэмдэг төдийгүй өөртөө өнгөрсөн эрин үеийн түүхийг нэвт агуулж, түүх судлалын ихээхэн үнэ цэнэтэй сурвалж хэрэглэгдэхүүн болдог билээ.
Монголчууд Хүннүгийн үеэс эхлэн төрийн үйл хэрэгт тамга хэрэглэх болж, хожим монгол нутагт байгуулагдсан эртний улсуудад энэхүү уламжлалын дагуу төрийн тамга хэрэглэх болсныг түүхэн сурвалжийн мэдээ баталж байдаг. Тухайлбал, монгол угсааны Тоба улсын хаан НТ IV зуунд хүрэн цацал оосортой алтан тамга хэрэглэж байсан тухай баримт үлдсэнээс гадна Түрэг, Уйгур, Киданы үед төрийн тамганы хэрэглээ, үнэлэмж нэгэнт тодорхой болж хэлбэршин тогтсон байжээ.
Их Монгол Улсын Гүюг хаанаас 1246 онд Ромын Папт илгээсэн төрийн бичгийг батламжилсан тамганы дардсыг судлаачид Чингис хаан амьд сэрүүндээ төрийн хэрэгт хэрэглэж байсан тамганы бичээс мөн гэж үздэг. Хааны зарлиг шийдвэрийн хүчин төгөлдөр шинжийг тодорхойлох хамгийн чухал батламж бол төрийн тамга болно. Иймээс Чингисийн төрийн тамгыг түүний хүү Өгэдэй хаан, ач Гүюг хаан алин боловч уламжлан авч хэрэглэж байсан болох нь нэгэнт маргаангүй юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд олон томоохон ажил хийгдсэний нэг нь Их Монгол Улсын төрийн Хас эрдэнийн тамгыг шинээр бүтээн залсан явдал болно. Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, дархан Д.Энхдаваа бээр өөрийн олон жилийн судалгаа, хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд ганг халаах, хөргөх зэргээр уярааж ухварлах, зорох зэрэг дарханы уламжлалт арга технологиор боловсруулан Их Монгол Улсын төрийн тамгыг урлан бүтээжээ. Тамгыг урлагч өөрийн биеэр Ватиканы архивт хадгалагдаж буй Их Монгол Улсын хаан Гүюгээс Ромын Папт илгээсэн захидал бичгийг үзэж дардасны хэмжээг авч ихэд ул суурьтай судалгааны үндсэн дээр урласан байна. Тамганы ул буюу дардаснаас бусад хэсгийн хийц тухайлбал бариул, хайрцаг, гэр, цоож зэргийг монголчуудын уламжлалт тамга үйлдэх арга, бэлгэдлийг шингээн шинээр сэтгэн төсөөлж бүтээсэн байна.