Төрийн ордны 1957 оны өргөтгөлөөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг анх кино үзвэрийн зориулалтаар барьж, улмаар үйлчилгээний танхимын зориулалтаар хэрэглэж ирсэн.
1990 оны анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлаас Улсын Бага Хурал байгуулагдахад уг танхимыг хуралдааны зориулалтаар засварлажээ. Уран сайхны ажлыг зураач, архитекторч Д.Батдорж, гоёл чимэглэл, хоймор хэсгийн түмэн наст хээ болон сүлдийг гар урлалын үйлдвэрийн хамт олон бүтээжээ.
1996 онд хуралдааны танхимыг засварлаж, санал хураах системийг шинэчилсэн бол 2006 онд өргөтгөл хийсэн байна. Улмаар 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76-гаас 126 болсонтой холбоотойгоор 2024 онд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг бүрэн засварлаж, Улсын Их Хурлын гишүүдийн суух ширээ, сандлын тоог 50-иар нэмэгдүүлж, санал хураах тоног төхөөрөмжийг шинэчилсэн юм.
Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь “Их Монгол” танхим /хуучнаар Ардын Их Хурлын танхим/ юм. Танхимыг 1957 онд 800 хүний суудалтайгаар барьсан бөгөөд 1981, 2016 онуудад их засвар, шинэчлэлийн ажлууд тус тус хийгдсэн. Танхимд олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн зохион байгуулагддаг, орчуулгын болон радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна.
Мөн “Их Монгол” танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг. 2016 онд Улсын Их Хурлын даргын 22 тоот захирамжаар Төрийн ордны байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус өөрчлөн нэрлэхээр шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу 2020 оны хаврын чуулганаас эхлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг "Их Хуралдай" танхим, хуралдааны “Г” танхимыг "Их Засаг" танхим, хуралдааны “В” танхимыг "Үндсэн Хууль" танхим гэж тус тус нэрлэхээр шийдвэрлэсэн байна.