Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Малын генетик нөөцийн тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ удаад  Малын генетик нөөцийн тухай хуулийн талаарх инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна. 

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ

ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт нь мал болон ашиг шимийг ашигладаг тэжээвэр амьтан, түүний генийн сан, үржүүлгийн бүтээгдэхүүн, эдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томьёолон, энэхүү нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан “малын удмын санг хамгаалах”-тай холбогдсон харилцааны хамрах хүрээг Олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлттэй уялдуулан генийн сангаас гадна мал болон мал аж ахуйтай холбоотой уламжлалт мэдлэгийг “малын генетик нөөц” гэж өргөтгөж өгсөн нь өмнөх хуулиас онцлог юм.

Малын генетик нөөцийн тухай хуульд дараахь зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Үүнд:

·    Малын генетик нөөцийн нэгдсэн бүртгэл нь малын бүртгэл, малын үржүүлгийн бүтээгдхүүний бүртгэл, малын удам зүйн үнэлгээний бүртгэл, уламжлалт мэдлэгийн бүртгэл гэсэн төрөлтэй байх бөгөөд бүртгэлийн төрөл тус бүрт хамаарах үзүүлэлт, хариуцах эзнийг тодорхойлсон;

·    Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчид дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авахад малын бүртгэлийг үндэслэхээр;

·    Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг, малчинд үнэмлэх олгохоор;

·    Малчин өрх мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахдаа энэ хуульд заасан журмын дагуу баталгааны тэмдэг хэрэглэхээр;

·    Малын удам зүйн үнэлгээ болон үржил селекцийн ажлын хянан магадлагаанд үндэслэн үржлийн малыг үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омогоор баталгаажуулахаар;

·    Удам зүйн үнэлгээг малын үндэсний генийн санг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага хийхээр, үржлийн малд хянан магадлагаа хийх болон баталгаажуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас томилсон ажлын хэсэг хийж гүйцэтгэхээр;

·    Малын генетик нөөцийн төлөв байдлыг 3 жил тутам мэргэшсэн шинжээчийн баг тодорхойлж тайлангаа Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлэн гарсан дүгнэлтийг Засгийн газарт, Засгийн газар Олон улсын байгууллагад хүргүүлж байхаар;

·    Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлахаар;

·    Бүс нутгийн болон олон улсын түвшинд малын генетик нөөцийн асуудлыг хариуцах орон тооны үндэсний зохицуулагч нь Ерөнхий мал зүйч байхаар;

·    Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааг тодорхойлж, энэ үйл ажиллагааг мэргэжлийн итгэмжлэлтэй мал зүйч бүхий хуулийн этгээд, эсхүл мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүй байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө аймаг, нийслэлийн мал үржлийн албаар баталгаажуулж байхаар;

·    Малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага, малын генийн санг хамгаалах төрийн үйлчилгээний байгууллага, аймаг, нийслэлд мал үржлийн алба, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж гүйцэтгэхээр;

·    Үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлэхээр;

·    Малын генетик нөөцийг ашиглах зориулалт, тусгай зөвшөөрөл, мал болон малын генетик нөөцийг ашиглах, хамгаалах арга хэлбэр, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхойлсон.

Энэхүү хууль батлагдсан нь мал аж ахуйн салбарт дараахь ач холбогдолтой.

·    Мал аж ахуйн хөгжлийг дэлхийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлд нийцүүлж мал аж ахуйг “нөөц”-тэй дүйцүүлэн “үндэсний баялаг” хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд авч үзэх шинэ хандлага бүрэлдэнэ.

·    Мал үржлийн ажил, үйлчилгээг шатлалтай явуулж сүргийн бүтэц, чанарыг сайжруулах, малын генетик нөөцийн олон янз байдал болон мал аж ахуйд учрах эрсдэлийг бууруулна.

·    Монгол малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг сайжруулж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангах, улмаар дэлхийн, бүс нутгийн хүн амын хүнсний хангамжид хувь нэмэр оруулах чиглэлийн үйл ажиллагаа сайжирна.

·    Малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж малын чанар, бүтээмжийг сайжруулан түүнээс эдийн засгийн илүү их үр шим, ашиг хүртэх нөхцөл бүрдэнэ.

·    Гадаад улс орнуудтай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхаа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэж, Монгол Улс олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ.

·    Нүүдлийн соёл иргэншил, ахуй соёлын үнэт өв болох мал аж ахуй эрхэлж ирсэн болон мал маллагааны талаарх уламжлалт мэдлэг, өвийг бүртгэх, хамгаалах, сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эдгээр нөөц баялаг, өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх боломж бүрдэнэ.


Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, уг тогтоолоор малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан явуулж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм, хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл