Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 11 дэх дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Тус хуулиар Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байхаар, уг сорил хийх арга хэмжээний дүнд тухайн банкинд эрсдэл үүссэн нь тойгтоогдсон, мөн Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан банкинд сануулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгажээ.

Түүнчлэн банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгасан тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулж Монголбанкинд ирүүлж байхаар тусгасан байна.

Банкны холбогдох этгээд болон харилцан хамаарал бүхий этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зэрэг тодорхойлолтыг шинээр хуульчилж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат болон хараат бус гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлж, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг банкны бус эрсдэлтэй үйл ажиллагаанд оруулах боломжийг хааж банкны хараат болон охин компанид холбогдох зохицуулалтыг хуулиас хасчээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудийг тус тус баталсныг эмхэтгэлд мөн нийтэлсэн байна.

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах боломж бүрдэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл