Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг АНУ-ын Хөдөлмөрийн холбооны Хуулийн хэлтсийн даргатай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.03.19) АНУ-ын Хөдөлмөрийн холбооны Хуулийн хэлтсийн дарга ЖеФ Вогтийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа байлцсан. Тэрбээр уулзалтын эхэнд АНУ-ын Хөдөлмөрийн холбоотой Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажилладаг бөгөөд  хамтын ажиллагааны хүрээнд ноён ЖеФ Вогт манай улсад ирж, удахгүй Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөвлөгөө өгч ажиллаж байгааг танилцуулав.


ЖеФ Вогт “Хуулийн шинэчлэлийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад туслах үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн арван жилд үндэсний болон олон улсын шүүхийн өмнө хөдөлмөрийн харилцааны асуудлаар өмгөөлөл хийсэн. Удахгүй танай парламентаар хэлэлцэх хуулийн төсөлд олон улсын стандартад нийцсэн санал зөвлөмжийг гаргаж өгөх нь миний үндсэн зорилго. Хуулийн төсөлтэй танилцсан. Одоогоор Олон улсын хөдөлмөрийн конвенцид зарим заалтыг нийцүүлэх шаардлага байна хэмээн харсан” гэлээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монголын хуулийн шинэчлэлд туршлага мэдлэгээ хуваалцан ажиллаж байгаад түүнд талархал илэрхийлээд, Хөдөлмөрийн тухай хуул болон энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлогын талаар товч мэдээлэл өглөө.


Тэрбээр уулзалтын төгсгөлд байнгын хорооны зүгээс хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлээд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад өгөх зөвлөмжийг мөн тус байнгын хороонд ирүүлэхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл