УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцож байна. Чуулганаар дэлхий нийтэд тулгамдаад буй “Цагаач болон дүрвэгсэд”-ийн асуудал, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэхээс урьдчилан сэргийлэхэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Болд Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанд, Б.Саранчимэг Эмэгтэй парламентчдын чуулганд, О.Баасанхүү Залуу парламентчдын чуулганд тус тус оролцлоо. Түүнчлэн гишүүд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейгаар хэлэлцэж буй “Цагаач болон дүрвэгсдийн асуудлаарх олон улсын дэг журмыг сайжруулах нь: Нотолгоонд суурилсан бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ, шаардлага” сэдэвт Нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.
Тэрбээр “Хэдийгээр энэ нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал хараахан биш ч дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүнийхээ хувьд олон улсад үүсээд буй бүхий л асуудлыг анхааралтай ажиглаж, энх тайвныг сахин хамгаалахын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг” гэлээ. Түүнчлэн цагаач иргэд, дүрвэгсдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү чуулганаас гарах ОУПХ-ны гишүүн орнуудын хамтын шийдвэр ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, О.Баасанхүү, Л.Болд нар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцов.
Л.Энх-Амгалан ОУПХ энэ чиглэлээр 2000 оноос хойш нийт 50 гаруй тогтоол, шийдвэр гаргаж, уг хэрэгт холбоотойгоор дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ, Япон, ИБУИНВУ-ын парламентаас хүссэний дагуу ХБНГУ-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэн, эд мөрийн баримтуудыг шинжлэх ажлыг манай талтай хамтран хийх зэргээр тусалж байсанд, одоог хүртэл байнгын анхааралдаа байлгаж байдагт Монголын парламент, ард түмний өмнөөс талархлаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” хэмээн тов тодорхой заасан тул УИХ уг хэргийг шүүн тасалсан байдалд болон хэргийн талаар гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг тайлбарласан. Гэхдээ Монгол Улсын Их Хурал хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны талаар болон яллагдагчдын хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ирүүлсэн ОУПХ-ны албан тоот, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас тухай бүрд нь лавлагаа авч тодруулан, зохих мэдээллийг өгч байснаа дурдсан.
Монголын төр, түүн дотроо хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ ОУПХ-ны нэгэн адил уг хэргийг олон улсын хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан үндэсний хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлээсэй хэмээн хүсэж байгаа. УИХ-ын зүгээс ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороотой цаашид ч хамтарч ажиллахад бэлэн байна гэв.
Хорооны гишүүд хуульч хүнийхээ хувьд энэ хэргийн талаар ямар бодолтой байдгийг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс асуухад “Хэрэгтэй холбоотой элдэв хардалт сэрдэлт маш их байдаг ч хавтаст хэрэгтэй танилцаагүй, уншаагүй хэн болов ч, ялангуяа ийм том хэрэгт үзэмжээрээ дүгнэлт хийх боломжгүй гэдгийг л хуульчийнхаа хувьд хатуу хэлэх байна. Уг хэргийн материалын 80 орчим хувь нь төрийн нууцын зэрэглэлээс гарсан тул уншиж танилцах боломжтой болсон. Тиймээс хэргийн материалтай танилцсаны дараа л албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.