Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга

 Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ удаад  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн талаарх инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг.

Мал сүргээ элдэв өвчнөөс, ялангуяа нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс эрүүлжүүлж, цаашид өвчин гарахаас найдвартай хамгаалж, түүнийгээ олон улсад нотлон харуулж байгаа улс орнуудын амжилтын үндэс болсон МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарсан тул 7 бүлэгтэй дээрх хуулийг боловсруулж баталсан болно.

Хуулийн зорилт нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван улс, бүс нутаг, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, зэрлэг амьтдаас мал, тэжээвэр амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнийг тандах арга хэмжээ, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байна.

Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Үүнд:

  1. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг сум, аймаг, улсын түвшинд төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх мэргэжлийн нэгдсэн босоо тогтолцоог сум, аймаг, улсын түвшинд бий болгоно;
  2. Хуулийн нэр томьёоны тайлбарыг олон улсын болон өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинээр оруулснаар энэхүү хуулийг цаашид дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголттой болно;
  3. Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлгийн нэгж, иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан;

4.    Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээг шинээр тусгасан;

  1. Тандалт шинжилгээ хийж, халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг шинэчлэн тусгаж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгож өгсөн;
  2. Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, эм, пестицидийн үлдэгдлийн хяналт, эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан;
  3. Бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг аймаг, нийслэлийн төсөв болон мал, амьтны эзнээс санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд ингэснээр мал эмнэлгийн арга хэмжээний зардал жигд хуваарилагдах нөхцөл бүрдсэн;
  4. Мал эмнэлгийн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, лаборатори, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон малчин, амьтан маллагчийн эрх, үүрэг, хориглох үйл ажиллагааг нарийвчлан зааж хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон.

Хууль батлагдсанаар дараахь эерэг үр дүн бий болно гэж үзэж байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн хяналтын төв байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын чиг үүргийн зааг ялгааг илүү тодорхой болгосноор вакцинжуулалт, малын шилжилт хөдөлгөөн, эмийн эмх замбараагүй хэрэглээ, эмийн үлдэгдэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулна.

Малчид, малын эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлж, малын халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлж мал, сүргийнхээ эрүүл мэндийг тогтмол хянаж, өвчингүй, тайван байдлаа хадгалах эрх зүйн орчин бүрдэнэ.

Мал эмнэлгийн байгууллагын бүтэц нэгдмэл, босоо тогтолцоотой болж хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагааг олон улсын жишигт хүрнэ.

Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлдэг болсноор халдварт өвчний голомтын тоо буурна, улмаар олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статустай бүс нутгийн хэмжээ нэмэгдэж малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох бизнесийн таатай нөхцөл бүрдсэн.

Хүн, мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулж, зооноз өвчинтэй тэмцэх арга хэмжээний стратеги, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зарим зооноз өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна.

Олон улсын өндөр шалгууртай зах зээл болон дотоодын зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нийлүүлэх нөхцөл бүрдүүлснээр түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлого нэмэгдэж малчдын амьжиргааны түвшин дээшлэх, экспортын хэмжээ нэмэгдэнэ.

Гадаад улс орнуудтай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхаа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь хуулиудад өөрчлөлт орсон болно. Үүнд: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тус тус нэмэлт оруулж, Төсвийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл