Цэс

Холбоо барих

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд БНТУ-ын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Мустафа Шентопыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр (2018.03.21) БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Мустафа Шентопыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд ноён Мустафа Шентоп өөрийгөө товч танилцуулаад, Монгол Улсад БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолугаар ахлуулсан Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаанд оролцохоор ирсэн тухайгаа болон байнгын хорооныхоо талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Үндсэн хуулийн байнгын хороо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Үндэсний Их Хурлын дэг, дотоод журмын өөрчлөлт, сонгууль, улс төрийн намын тухай хууль болон Үндсэн хуулиар зохицуулагддаг байгууллагуудын дүрэм, журамтай холбоотой асуудлыг авч хэлэлцдэг.

БНТУ парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болж байгаатай холбогдуулан Үндсэн хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудад нэлээд өөрчлөлт оруулж байгаа. БНТУ 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалтай улс болохоор шийдвэрлэсэн гэдгийг Та бүхэн мэдэж байгаа байх. Улс төрийн болон улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд оруулах томоохон өөрчлөлтүүд одоог хүртэл үргэлжилж байгаа” хэмээн мэдээллээ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Монгол Улс БНТУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байна. Тухайлбал, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас сүүлийн жилүүдэд боловсролын салбарт болон орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол-Туркийн харилцаанд эергээр нөлөөлж байгаа” гэлээ.

Мөн, Монгол Улсын хувьд 1990 оноос хойш эрх зүйн шинэчлэлийг бүх түвшинд хийж ирсэн. Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэх болно. Бусад улс орнуудын Үндсэн хуульдаа хийсэн өөрчлөлт, үүнтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажил, ард нийтийн санал асуулга, зохион байгуулалтын талаар бид судалж байгаа гээд БНТУ-ын туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар хоёр улсын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох асуудлыг дэмжиж байгаагаа хоёр тал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл