Цэс

Холбоо барих

Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслол боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслолд өнөөдөр /2018.03.22/ оролцлоо.

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүү, банкны салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго, чиглэл болон Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа “Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас Төв банк/Монголбанк-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан нь тус салбарт чухал шинэтгэл болж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг арга хэмжээг нээж хэлэхдээ онцоллоо.


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эл арга хэмжээг албан ёслол гэхээсээ илүүтэй ажил хэргийн уулзалт болохыг онцлон тэмдэглээд, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон макро эдийн засгийн болон банкны бүтцийн өөрчлөлтийн бодлогыг үргэлжлүүлж, банкны салбарын шинэчлэлийг тууштай хийх нь зүйтэй гэлээ.Түүнчлэн сэдэвчилсэн буюу салбарын судалгааны ажлыг нэмэгдүүлж, бодлогын зөвлөмжөөр Улсын Их Хурал, Засгийн газрыг хангах ажлаа эрчимжүүлэхийг чухалчиллаа.


Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр нар оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал өнгөрсөн гурван удаагийн чуулганаараа нийт 493 хууль, 143 тогтоол хэлэлцэн баталсан нь өмнөх Улсын Их Хурлын мөн хугацаанд баталсан хуулиас 83 хувиар, тогтоолоос 23 хувиар тус тус илүү байгаа бөгөөд тэдгээр хууль тогтоолын 14 хувь нь эдийн засаг, санхүү, бизнесийн орчны зохицуулалтын эрхзүйн акт юм  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл