Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.03.22) Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа.


Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Монгол Улс БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоогоод өдгөө 56 жил болсон. Энэ хугацаанд хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай өргөжин тэлж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд Монгол, Лаос Улс байнга идэвхтэй оролцож, бие биенийхээ байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдаг. 2018 оны нэгдүгээр сард Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын 26 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын даргын бүрэлдэхүүнд багтаж, айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Лаосын парламентын гишүүдтэй уулзаж, хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн” гэлээ.

Харин өнөөдрийн уулзалтаар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Лаос Улс түүх, соёлын өргөн баялагтай ард түмэн. ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн алдартай дурсгалт газруудаас эхлээд Лаосын соёлын үнэт өвүүд, байгаль орчны хамгаалал, соёлын дурсгалт газруудад түшиглэсэн аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлж байгаа орны нэг. Иймд соёл урлагийг хэрхэн сурталчлах, ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн газар, нутгаа хэрхэн хамгаалж байгаа асуудлаар мэргэжлийн хүмүүсийн дунд туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-д Монгол-Лаосын парламентын бүлгийг санаачлан байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа.

Түүнчлэн Архангай аймаг, Лаосын Чампасак мужийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, энэ талаарх хүсэлтийг тус мужийн захирагчид уламжилж өгөхийг хүссэн. Мөн 2018 оны долдугаар сарын 18-ны өдөр ЮНЕСКО, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул уг хуралд Лаосын эрдэмтэн, судлаачдыг оролцохыг урьсан юм.


Эрхэм Элчин сайд Сиалункон Сэнг Утхон, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж, анхаарал хандуулж байгаад талархал илэрхийлээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд улс төр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж ирснийг онцлон хэллээ. Байнгын хорооны даргын санал болгож буй бусад салбаруудыг хөгжүүлж, өргөжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл