Цэс

Холбоо барих

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.12) хуралдаан 14 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачлан боловсруулж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Төсөл санаачлагчдыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав уг хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Учир нь 2009 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн гишүүд болох 18178 иргэнд улсаас 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байгаа аж.

Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд болох 400 орчим иргэн байгаагийн доод тал нь 80-аас  дээш настай юм. Тэд бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрээр багагүй хохирол амссан байна. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орон сууц, түүнийг орлосон мөнгөн олговор авсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ач, зээ нарт төсөлд тусгагдсан нэмэлт нөхөх олговор олгох заалт хамаарахгүйгээс гадна нөхөх олговрыг хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, хүүхдэд давхардуулахгүйгээр олгох учир улсын төсөвт их хэмжээний дарамт учруулахгүй гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.


Хуулийн төслийн үзэл баримтлалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт энэ асуудлыг нэг мөр дуусгах ямар бололцоо байгаа, нөхөх олговрыг давхардуулж олгохгүй байх, хэлмэгдэгчдийн үр хүүхдийг бүрэн гүйцэт хамруулах асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан талаар төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулсан юм.

Төсөл санаачлагч гишүүн Я.Санжмятав гишүүний асуултад өгсөн хариултдаа, Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээгээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянга орчим хүн хэлмэгдсэнээс 28 мянга нь цагаатгагдаж, зохих нөхөх олговор авсан байна. Хуулийн төсөд тусгагдсан нэмэлт нөхөх олговор авах боломжтой 400 орчим иргэний 240-өөд нь хилс хэргээр цаазлагдсан иргэдийн, үлдсэн хэсэг нь хилс хэргээр олон жил шоронд хоригдож байгаад гарч ирсэн иргэдийн үр хүүхдүүд юм. Нэг үгээр хэлбэл тэд нар улс төрийн хилс хэргийн золиос болж, өөрсдөө дам хэлмэгдүүлэлтэд өртөж, хамгийн ихээр хохирсон хүмүүс. Иймээс төрөөс тэдэнд нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор энэ хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл батлагдаж, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор цагаатгуулах өргөдлийг хүлээн авч зохих нөхөх олговрыг олгож дууссанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох ажил дуусах юм гэлээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Улсын комиссын жилийн ажлын тайланг авч хэлэлцээд зөвлөмж гаргаж, цагаатгуулах өргөдөл хүлээн авах болон нөхөх олговор олгох хуулийн хугацааг эцсийн удаа 2 жилээр сунгах, энэ хугацаанд цагаатгагдаагүй иргэдийн хэргийг шалгаж цагаатгах үүрэг өгсөн гэдгийг нэмж тодотгов.


Харин төсөл санаачлагч гишүүн Д.Сарангэрэл Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэнд талархал илэрхийлээд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдүүдэд төрөөс 500 мянга болон нэг сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгож ирсэн нь тэдний хохирлыг барагдуулах, гомдол цөхрөлийг нимгэлэхэд бага ч болов нэмэр болсон нь мэдээж. Гэхдээ хэлмэгдүүлэлтийн хор уршгийг бүрэн төлж барагдуулна гэж хэзээ ч байхгүй. Иймээс гол хохирол, зовлон шаналал амссан тэдгээр иргэддээ төрөөс нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор энэ хуулийн төслийг санаачилсан гэдгээ хэллээ.  


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлсэн юм. Тэрбээр, олон жил яригдаж ирсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудлыг нэг мөр цэгцэлж дуусгавар болгох цаг болсон, мөн хуучин Зөвлөлт Холбоот Улсад хэлмэгдсэн иргэдийнхээ баримт материалыг олж авах, тэднийг цагаатгуулах, түүхийн хар толбыг арилгах, түүнчлэн хилс хэргээр баригдаад явсан, сураггүй болсон гэх боловч баримт нотолгоо нь олддоггүй хүмүүсийн асуудлыг эрэн сурвалжилж тодруулах, цагаатгаж ар гэрийнхний нь гомдол цөхрөлийг барагдуулахад шүүх, прокурор, тагнуулын байгууллага, цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс цаашид анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.


Уг хуулийн төсөл нь таван зүйлтэй агаад хуулийн 23 дугаар зүйийн 23.1-д заасны дагуу өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгажээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд байхаар төсөлд тусгасан байна. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн хуулийн зарим нэр томьёог одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцүүлэн өөрчлөхөөр тусгасан байна.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл