Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 14 цаг 34 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 32 дугаар зүйлийн 32.3.5-д “… хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна…”, мөн зүйлийн 32.3.7-д “… энэ хуулийн 32.3.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй…” гэж заасны дагуу төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа.


Ингээд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн нэрийн талаар ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан. Төсөлтэй холбоотой санал хэлэх гишүүн гараагүй тул төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж буй эсэхээр ажлын хэсгээс тодруулга авсан. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооноос төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…татан буулгахад хүргэхээргүй…” гэснийг “… татан буулгах нөхцөл бүрдээгүй…” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “… хяналт шалгалт, албадлагын арга хэмжээнд …” гэснийг “…хуульд заасан хяналт шалгалт, банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээнд …” гэж,  тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзэж, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн найруулгыг өөрчлөхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.


Үүний дараа Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан “Монголбанк баталсан актаа ямар ч субьектээр хянуулахгүй боломж, нөхцөл рүү явж байна. Шүүх ч тэр, Хууль зүй, дотоод хэргийн яам ч мөн адил. Нийтээр дагаж мөрдөх болон тусгайлсан субьектийн эрхийг хөндсөн тохиолдолд эдний актыг хэн ч хүчингүй болгох нөхцөл бүрдэх гээд байна” хэмээгээд энэ зохицуулалтын үндэслэлийн талаар лавлав.


Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат хариулахдаа, Төв банкнаас захиргааны хэм хэмжээ тогтоосон эрхийг актыг гаргадаг. Өнөөдрийн нөхцөлд энэ төрлийн зарим акт Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлэхээр хянагдаж байна. Төв банкнаас гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоож буй нийтлэг акт гаргасныг салбарын яам буюу Засгийн газар нь хянаж байгаа нь Төв банкны бие даасан, хараат бус байдал алдагдаад байгаагийн нэг хэлбэр гэдэг зөвлөмжийг ОУВС-аас өгсөн. Энэ зөвлөмжид үндэслэн төслийг боловсруулсан хэмээн тайлбарлав. Хэлэлцэж буй төслийг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар илэрхийллээ. Ингээд дээрх нэр бүхий гишүүдийн гаргасан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй тул төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 86.6 хувийн саналаар дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл