Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг хүлээлгэж өгөв

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өнөөдөр (2017.12.13) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв.


Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч П.Цэрэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав болон тус зөвлөлийн гишүүд, улс төрийн намын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор өгсөн үүргийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах нэн ярвигтай, нарийн чимхлүүр ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар амжилттай зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж гаргасан байна.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ. Хувийн мэдээллээ бүрэн оруулж саналаа өгсөн 272895 иргэний 47,3 хувь нь эрэгтэй, 52,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуучууд, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насны иргэд байна.

Байнгын хороо, Ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлэгтт оролцож саналаа өгсөн нэг ч иргэний санал орхигдох ёсгүй, бүх санал тусгалаа олсон байх ёстой гэсэн зарчим барьж ажилласан. Улсын Их Хурлын Тамгын газар энэ зарчмыг нарийн мөрдөж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн бөглөсөн саналын хуудас бүрийг төслийн заалтаар нь нарийвчлан тусгай программын дагуу бүртгэж, цахим архив үүсгэсэн байна гээд хэлэлцүүлгийг улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад оролцож ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн албан хаагчид, нийт хүмүүст талархал илэрхийллээ.


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газрын  ажлын дэд хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг улс, орон нутгийн хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Аймаг, нийслэлийн хэмжээнд төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар орон нутагтаа хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах үүрэг бүхий 31 ажлын хэсгийг аймаг, нийслэлд Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Хурлын ажлын албаны дарга,Тамгын газрын болон Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар  ахлуулан  байгуулж, нийтдээ 550 гаруй хүн оролцож ажилласан.

Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдож орон нутагт ажилласан 7 баг улсын хэмжээнд 68 удаа бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн өгсөн саналын 327375 хуудсыг хүлээн авч цахим мэдээллийн санд бүрэн оруулж, архивын 2607 нэгж үүсгээд байна. Энэ нь Улсын Их Хурлын нэг бүрэн эрхийн хугацаанд хийдэг ажилтай дүйцэхээр томоохон ажил боллоо. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг дууссаны дараа эдгээр архивын нэгжийг Улсын төв архивт шилжүүлж өгөх юм.


Хэлэлцүүлэгт оролцож саналаа өгсөн бүх иргэний санал нэг бүрийг бүртгэж цахим санд оруулсан учраас саналаа өгсөн иргэд өөрийн санал бүрэн тусгагдсан эсэхтэй танилцах боломжтой. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн бараг дөрөвний нэг нь хамрагдаж оролцсон энэ томоохон хэлэлцүүлэг нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд анх удаа зохион байгуулагдсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн материалууд нь цаашид Үндсэн хуулийн судалгааны бас нэг гол судлагдахуун болно гэдэгт итгэж байна гээд хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч нарт гардуулж өгөв.

Дараа нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээр төсөлд тусгагдсан үндсэн 6 бүлэг, 20 орчим асуудлын үр дүнгийн талаар товч танилцуулсан юм.   

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар иргэд саналаа өгсөн агаад төслийн I бүлэгт тусгагдсан 7 асуудлаас 1.1.“Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 206092 нь буюу 75,0 хувь нь,  1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэсэн хэсэгт 280170 иргэд санал өгснөөс 201843 нь буюу 72,0 хувь нь, 1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэсэн хэсэгт 273890 иргэд саналаа өгснөөс 186767 нь буюу 68,1 хувь нь, 1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” гэсэн хэсэгт 261770 иргэд санал өгснөөс 181278 нь буюу 69,2 хувь нь, 1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэгт 263389 иргэд санал өгснөөс 180504 нь буюу 68,5 хувь нь, 1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэсэн хэсэгт 261625 иргэд санал өгснөөс 185666 нь буюу 70,9 хувь нь, 1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн хэсэгт 266731 иргэд  санал өгснөөс  176314 нь буюу 66,1 хувь нь тус тус дэмжжээ.

Мөн төслийн II бүлэгт тусгагдсан хоёр заалтаас 2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 150237 нь буюу 53,4 хувь нь дэмжсэн бол 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэсэн хэсэгт 288829 иргэд санал өгснөөс 146645 нь буюу 50,7 хувь нь  дэмжээгүй байна.


Төслийн III бүлэгт тусгагдсан заалтуудаас 3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэсэн хэсэгт 270672 иргэд санал өгснөөс  163953 нь буюу 60,5 хувь нь, 3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/” гэсэн хэсэгт 278064 иргэд санал өгснөөс 180427 нь буюу 64,8 хувь нь,  3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн хэсэгт 276417 иргэд санал өгснөөс 164241 нь буюу 59,4 хувь нь тус тус дэмжжээ.

Төслийн IV бүлэгт тусгагдсан дөрвөн заалтаас 4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн хэсэгт 276416 иргэд санал өгснөөс 216218 нь буюу 78,2 хувь нь, 4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 279929 иргэд санал өгснөөс 217492 нь буюу 77,6 хувь нь,  4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэсэн хэсэгт 286212 иргэд санал өгснөөс 216196 нь буюу 75,5 хувь нь дэмжсэн байна. 

Мөн төслийн V бүлэгт тусгагдсан заалтуудаас 5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэсэн хэсэгт 267096 иргэд санал өгснөөс 191262 нь буюу 71,6 хувь нь, 5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэсэн хэсэгт 276217 иргэд санал өгснөөс 197434 нь буюу 71,4 хувь нь, 5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэсэн хэсэгт 277301 иргэд санал өгснөөс 193031 нь буюу 69,9 хувь нь дэмжжээ.

Түүнчлэн төслийн VI бүлгийн хоёр заалтаас 6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэсэн хэсэгт 273388 иргэд санал өгснөөс 180333 нь буюу 65,9 хувь нь, 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэсэн хэсэгт 290023 иргэд санал өгснөөс 154687 нь буюу 53,3 хувь нь дэмжжээ. Харин төслийн “Төсөлд дурдагдаагүй” гэсэн хэсэгт 81095 саналын хуудсаар хуулийн төсөлд дурдагдаагүйгээс өөр саналууд ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга товч танилцуулсан юм.

Мөн тэрбээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг яам, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж, саналуудаа ирүүлсэн. Ирэх долоо хоногт энэ асуудлаар эрдэм шинжилгээний томоохон хурал хийхээр төлөвлөж байгаа. Эдгээрээс гарсан бүх саналыг нэгтгэж, судалж нягтлаад улс төрийн намуудын зөвшилцөл хийгдсэний үндсэн дээр хуулийн төслийг эцэслэн боловсруулж өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа.


Мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд орон даяар явагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын архивт шинээр бүрдүүлж хадгалсан цахим сан архивын нэгжтэй танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл