Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 15 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолоор, төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, энэ талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд олгожээ. Мөн ахмад настны төрийн бус байгууллагатай байгуулах хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг жил бүрийн IY улирлын эцэст дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг мөн сайдад даалгасан байна.

Холбогдох хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ гэж заасны дагуу албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт бүрэн эхээр нь нийтлэв.

Мэдүүлэг гаргагч 244 албан тушаалтан, тэдний гэр бүлийн гишүүд өнгөрсөн онд олсон нийт орлогын хэмжээ ямар байсан, хэдэн орон сууц-барилга байгууламж, тээврийн хэрэгсэлтэй, хир хэмжээний газрыг эзэмшиж, өмчилж байгаа, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй байгаа эсэх, компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт ямар байгаа, эрх, патент, тусгай зөвшөөрөлтэй эсэх зэрэг мэдээллийг эмхэтгэлд нийтлэгдсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйгээс мэдэх боломжтой гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл