Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.12.13/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүнээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг томилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн талаархи шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн байна.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын
төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд
хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын
төслийг хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.