Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.12.18/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаар Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн бол үргэлжлүүлэн таван багц асуудлуудын хүрээнд эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд,
1. “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар”,
2. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд”,
3. “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд”,
4. “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудал”,
5. “Үндсэн хууль дахь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал” гэсэн агуулгын хүрээнд үргэлжиллээ.
Үдээс хойших хуралдаанаар “Үндсэн хууль дахь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал”-аар судлаач О.Даваадулам, доктор Д.Зүмбэрэллхам нар илтгэл тавив.
Судлаач Ц.Даваадулам “Төрийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах нь” сэдвийн дор тавьсан илтгэлдээ, Нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн өөрөө удирдах засгийн нийтлэг хэв шинж, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн хамгаалалт, Үндсэн хуулийн хамгаалалт сул учраас практикт гарч буй асуудлууд, Нутгийн удирдлагын тогтолцоо, харилцаа, Засаг даргыг шууд сонгох, томилох хувилбарууд зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.
Нутгийн өөрөө удирдах ёс нь олон улсад орон нутгийн төлөөллийн байгууллагыг илэрхийлсэн “local self-government” буюу “орон нутгийн өөрөө удирдах засаг” гэсэн нэр томъёог нийтлэг ашигладаг болохыг илтгэлийнхээ эхэнд дурдав. Харин орон нутгийн өөрөө удирдах засгийн нийтлэг хэв шинж нь:
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн түвшин бүрт байх албагүй
- Сонгуулиар байгууллагддаг, улс төрийн хэв шинжтэйгээрээ цэвэр засаг захиргааны нэгжээс ялгаатай
- Орон нутгийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй
- Чиг үүргийг нь хуулиар тогтоодог, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг
- Хуульд төв засаг болон дээд шатны байгууллагад олгосноос бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй – Ерөнхий бүрэн эрхийн заалт (general competence clause)
- Төсвийн эрх мэдэлтэй
- Дотоод зохион байгуулалтын талаар эрх мэдэлтэй
- Төлөөлөгчид нь орон тооны бус, цалингүй, сайн дурын үндсэн дээр ажилладаг байх гэсэн шинж чанаруудтай байдгийг онцлов.
Засаг даргыг сонгох, томилох хувилбаруудын хувьд Засаг дарга Хурал даргалах үүргийг давхар гүйцэтгэх, Засаг даргыг эгүүлэн татах журмыг нэвтрүүлэх, Хурал орон нутгийн шийдвэр гаргах, бодлого боловсруулах дээд байгууллага, Засаг дарга Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төв Засгийн газраас шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, Засаг дарга ердийн захиргааны үүрэг болон төв Засгийн газрын шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь Хурал оролцдоггүй байх гэсэн шийдлүүдийг мөн танилцуулав.
Дараа нь Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Төрийн албаны хараат бус, тогтвортой байдал ба Засаг даргын эрх, үүрэг” сэдвийн дор илтгэл тавилаа.
Тэрбээр, Үндсэн хуульд “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж зааснаас болж Засаг даргын төрийн захиргааны албан тушаалтны буюу төрийн удирдлагын эрх зүйн байдал нутгийн болон улс төрийн удирдлагатай холилдож, мөн чанар нь танигдахаа больсон байдаг. Өөрөөр хэлбэл Иргэдийн хурлаас нэр дэвшиж байгаагаараа нутгийн өөрийн удирдлагаас хамааралтай, дөрвөн жилийн хугацаатайгаар томилогдож байгаагаараа улс төрийн удирдлагаас хараат байдалтай болсон юм. Үүнээс болоод төрийн удирдлагыг цэвэр хэрэгжүүлж, захиргааны ажил хийх учиртай Засаг дарга нар маань сонгуулиас сонгуулийн хооронд зөвхөн улс төрийн ажил хийдэг, дараагийн сонгуулийн багаа бүрдүүлэх байдлаар төрийн албаны томилгоонд байнга дарамт нөлөө үзүүлдэг, намын сонгуульт ажлын ачааллаасаа болоод төрийн захиргааны ажлаа орхигдуулдаг, орон нутгийн хөгжлийн асуудалд хэтийг харахаасаа илүү богино хугацаанд сонгуулийн ашиг авчрах алхам хийхийг боддог байдалд хүрсэнд бид онол, практикийн үүднээс бодитой, ул суурьтай дүгнэлт хийх цаг болсон гэж үзэж байна.
Засаг даргын албан тушаал, түүний чиг үүргийг Үндсэн хуульд бие даасан төрийн захиргааны хэлбэрт шилжүүлж өөрчилбөл “өөрийн удирдах ёс” өөрийнхөөрөө, “төрийн удирдлага” төрийнхөөрөө болно. Ингэснээр төрийн албаны тогтвортой байдлыг хангах үүд хаалга бодит байдлаар нээгдэнэ. Нөгөө талаар төрийн болон нутгийн өөрийн удирдлагын давхцал арилж, харилцан уялдаж зохистой хослох эрх зүйн боломж нөхцөл бүрдэх болно гэлээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлд “4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина. 5. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхийг хориглоно.” гэсэн хоёр заалтыг шинээр нэмэхээр төсөлд тусгасан байна. Төрийн албаны тогтвортой байдлын зарчим, Төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг Үндсэн хуулиар баталгаажуулах улс төрийн хүсэл эрмэлзэл гаргаж байгаа нь талархууштай хэрэг мөн хэмээж байлаа.
Төгсгөлд нь тэрбээр зөвхөн төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгахад чиглэгдсэн асуудлаар өөрийн судалгаа, туршлагад тулгуурлан санал бодлоо хуваалцаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар орон даяар явагдаж байгаа хэлэлцүүлгийн явцыг ажиглаж байхад Засаг даргын эрх зүйн байдал, томилгооны тухай, мөн төрийн албаны тогтвортой байдлын асуудал түлхүү хөндөгдөж байгаа нь тохиолдол биш гэдгийг хууль тогтоогчид энэ удаа ч, цаашдаа ч байнгын анхааралдаа байлгавал зохилтой гэв.
Ингээд тав дахь сэдвийн хүрээний илтгэлүүдийг сонссоны дараа эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, практикийн саналууд хэлж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал, Хууль сахиулахын их сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор Н.Мөнхзул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг эрдэмтдийн олонхиор дүн шинжилгээ хийлгэх, хоёр шаттай эсхүл хоёр, гурван өөр экспертүүдийн багаар дахин дахин шинжилгээ хийлгэж байж Улсын Их Хуралд оруулах гэсэн санал хэлж байв. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, төрийн гурван институцийн хоорондын уялдаа холбоо, чиг үүрэг, үүрэг хариуцлагыг Үндсэн хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй гэж байлаа. Түүнчлэн иргэдээс УИХ-ын чуулганы ирцтэй холбоотой саналууд ихээр ирж байна. Иймд хуралд суудаггүй гишүүдэд хариуцлага тооцдог байх нь зөв гэсэн байр суурь уламжилж байв.
Ийнхүү “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хурлыг хааж үг хэлснээр энэхүү арга хэмжээ өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээлэв.