Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.13) хуралдаан 10 цаг 10 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төсөл санаачлагч Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурдав. Гэвч энэ хөрөнгө оруулалтууд зорилтот салбар, бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин, нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд олгуулж, энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гарсаар байгаа гэв. Иймд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг тусламжид хамрагдахыг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төрийн өндөр албан тушаалтанд тодорхой хориглолт, хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгийн үед хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байх бвгөвд хамаарал бүхий этгээд гэдэг өргөн утгатай ойлголт байдаг, хэрэв хамаарал бүхий этгээд нь төрөөс ямар нэг дэмжлэг, тусламж авсан тохиолдолд төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль батлагдсанаар гарах үр дагаврын талаар асуулт асууж. хариулт авсан болохыг нэгдсэн хуралдаанд Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг мөн дурдлаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ш.Адьшаа гишүүнээс хариулт, тайлбар авав. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 78.4 хувь нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Түр хорооны тайланг сонсов
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны тайланг сонсов. Улсын Их Хурлын 2022 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан 18 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ томилогдон ажилласан бөгөөд тэрбээр нэгдсэн хуралдаанд тайланг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2.14 дахь заалтын дагуу түр хорооны тогтоолоор хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулж, санхүү төсвийн асуудлыг судлах, мал эмнэлгийн чиглэлээр болон мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий таван ажлыг хэсэг байгуулагдан ажилласан байна. Ажлын хэсгүүдээс гарсан саналуудыг түр хороо 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан юм.
Эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр: Эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан 6 хуулийн төсөл болон 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт түр хорооны тогтоолоор чиглэл өгсөн.
Мөн дээрх хууль, тогтоолын төслүүдээс гадна Төрийн албаны тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзжээ. Ялангуяа мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, хүний нөөцийг бэлтгэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын түвшинг ахиулах, маркетинг, өртгийн сүлжээг хөгжүүлж зах зээлд өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги”-ийг боловсруулж батлуулах саналыг гаргасан байна.
Санхүү, төсвийн чиглэлээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхой газарзүйн байршилд суурилан төлөвлөхөөр саналаа нэгтгэжээ.
Дотоодын болон Олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг арилжааны банкнаас олгогдох хөнгөлөлттэй, бодлогын зээлийн эх үүсвэрээр хангагдах боломжийг олгохын зэрэгцээ олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй санхүүжилт, дэд бүтцээр дэмжих, төсөл, бизнесийн онцлог, зээлийн бүтээгдэхүүнээс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, Засгийн газрын олгох зээлийн хүүгийн зөрүүг жил бүр эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан ялгаатай тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн дээрх ажлын хэсгээс зээлийн өсөлтөөс хамааралтай мөнгөний нийлүүлэлтийн валютын ханш, валютын нөөцөд дарамт учруулахгүйгээр санхүүжилтийг үр дүн, гүйцэтгэлд суурилан үе шаттайгаар олгох тогтолцоог бий болгох, мөн нийт зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан олгох саналыг гаргажээ.
Зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг олгохдоо тэргүүн ээлжид импортын хамаарлын түвшингээр эрэмбэлэн, импортыг орлох хүнсний үйлдвэрүүдийг шинээр болон өргөтгөл байгуулахад, мөн үйлдвэрлэлийн ашиглалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг олгоход, зээлийн эх үүсвэрийг хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг дэмжихэд, ялангуяа хүнсний кластерын тогтолцоог бий болгоход чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн чиглэлээр: Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл (Нэмэлт санхүүжилт 2)”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”, “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг яаралтай эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа өмнөх төслүүдийн хүрээнд ашиглах боломжтой санхүүжилт, зээлийн хүүгийн татаасыг ашиглах боломжийг судлах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн баталгаажсан үүлдэр, омгийн болон эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлж байгаа малын ашиг шимийг хянан баталгаажуулж стандартын шаардлага хангасан үржлийн малыг бүртгэлжүүлж, тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хот, суурин газрын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангаж, мал аж ахуйг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан тэжээл бэлтгэх, тэжээлийн ургамлын үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамж, тариалалтыг нэмэгдүүлэх, малын төрөл, ашиг шимийн чиглэлд тохирсон тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлж хангамжийг сайжруулахад дэмжиж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох яамд онцгойлон анхаарах чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоолд тусгасан байна.
Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, ялангуяа мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг малын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг Түр хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр: Ажлын хэсгээс төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор техникийн үнийн дүнгийн 50 хүртэл хувьд татаас олгох, хөдөө аж ахуйн техник, хүлэмжийн лизингийн тогтолцоог нэвтрүүлэх, мөн хөрсний үржил шимийг хамгаалах, нэгжийн ургац, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор бордоо худалдан авахад урамшуулал, татаас олгох, тариалангийн талбайг хашаажуулах,санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчтэй хамтарч тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, бодлогын дэмжлэг үзүүлэх мөн таримал ургамлын сорт, сорилтын төв байгуулах, үрийн төрөлжсөн аж ахуйд дэмжлэг үзүүлэх, үр үйлдвэрлэлд урамшуулал олгох, үрийн технологийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох салбарын сайдад чиглэл болгохоор шийдвэрлэсэн болохоо танилцуулав.
Газар тариалангийн салбарын хүний нөөцийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх стратеги боловсруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан оюутан, залуучуудыг тариалангийн үйлдвэрлэл ба ажлын байранд сургах, урт хугацаатай дадлагажуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн санал нь зөвхөн газар тариалангийн салбарт биш нийт хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал байгаа учир саналыг нэгтгэн тогтоолд тусгасан байна.
Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг 2023 оны эхний хагас жилд багтаан байгуулах эрх зүйн орчинг бий болгож, хүрээлэнгийн үйл ажиллагааг эхлүүлэх, мөн бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бүс нутгийн онцлог, нөөц боломжуудад тулгуурлан кластерын зохион байгуулалттай, салбар хоорондын уялдааг хангасан хүнсний үйлдвэрлэл, хадгалалт тээвэрлэлт, худалдааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хангамж, нийлүүлэлтийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог олон улсын сайн жишигтэй харьцуулан бий болгосноор хүүхдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн бэлэн нөөцийг эргэлтэд оруулах бүс нутгийн онцлогт тохирсон, зах зээлд өрсөлдөх чадвартай боловсруулах үйлдвэр, цехийг хөгжүүлэх мөн кластерын сүлжээг газар тариалан болон мал эмнэлгийн бүртгэлийн цахим сүлжээтэй уялдуулах, хүнсний боловсруулах үйлдвэрээс гарсан хог, хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй талаар санал гаргаж холбогдох яамдад чиглэл өгөхөөр шийдвэрлэжээ.
Тус түр хорооноос байгуулагдсан ажлын хэсгүүд Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг хууль, эрх зүйн орчин, санхүү төсөв, мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судлан 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 20 гаруй удаа зөвлөлдөх болон санал солилцох уулзалтыг зохион байгуулж, салбарын 50 гаруй мэргэжилтэн, судлаач, албан хаагч оролцуулан ажилласан.
Түр хорооны хуралдаанаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон түр хорооны тогтоолыг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хугацаатай уялдуулсан болохыг хэлсэн. Энэхүү тогтоолд дөрвөн агуулга бүхий нийт 17 арга хэмжээг тусгасан бөгөөд хэрэгжилтийг холбогдох Байнгын хороодод танилцуулахыг чиглэлийг Засгийн газарт өгчээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулаад, Улсын Их Хурлын 2022 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог татан буугдсныг мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибалын мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонслоо
Нэгдсэн хуралдаааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалын 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллийг танилцуулав.
Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 5 жил дунджаар 3.8 хувиар өсөж, 2022 онд 71.3 саяд хүрсэн. Үүний 15 сая толгой мал буюу дунджаар 20 хувийг нь хүнсэнд хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387.9 мян.тн махыг нийлүүлж, нийт мал сүргийн 9.1 хувь буюу 186.0 мянган тонн мах экспортлох боломжтой гэлээ.
Монгол Улс КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс өмнөх хоёр жилд 129 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж байсан бол цар тахлын хязгаарлалт, тээвэр логистикийн хүндрэл, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэмжээ 45 хувиар буурч 2020 онд 38.8 мянган тонн, 2021 онд 21.8 мянган тонн, 2022 онд 43 аж ахуйн нэгж 10 улсад 16.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
Короновируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ мах, махан бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан боловч Монгол Улсын Гадаад харилцааны яам БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай олон удаагийн яриа, хэлцэл хийсний дүнд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай “Нэмэлт гэрчилгээ”-ний загварыг тохирчээ. Үүний үр дүнд 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн экспорт сэргэж, Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2023 оны эхний сард 0.9 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 1.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолсон байна.
Цаашид мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч орны зах зээлд шинээр нэвтрэх зорилгоор Ойрх Дорнод болон Зүүн өмнөд азийн улсын зах зээлийг судалж, халал аргаар бэлтгэсэн мах экспортлох нөхцөлийг тохирох чиглэлээр ажиллаж байгаа ба 2022 онд 5 улсад 3.9 мянган тонн хонь, ямааны мах экспортолжээ.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 17 үйлдвэрийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт хийсэн ба эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан нь тогтоогдсон байна.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор 100 гаруй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт хяналт, шалгалт хийж, шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт 2022 онд хүргүүлсэн. Мөн БНХАУ-ын нэг цонхны цахим системд бүртгүүлэх, Монгол Улсын холбогдох байгууллагаар баталгаа гаргуулах, цахимаар хүргүүлэх системийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар 9 аж ахуйн нэгж БНХАУ-ын холбогдох байгууллагад цахимаар хүсэлтээ хүргүүлжээ.
ХХААХҮЯ нь Монгол Улсын мал сүргийн өсөлт, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг харгалзан 2023 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн ба давхардсан тоогоор 26 аж ахуйн нэгжид нийт 13 мянган тонн үхрийн түүхий болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрлийг олгосон. Эдгээр аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар 1.9 мянган тонн махыг бэлтгэн, экспортлохоор Бодлогын гэрээ байгуулсан байна.
Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр дэлхийн 22 улстай хамтран ажиллаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр 10, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол 15, харилцан ойлголцлын санамж бичиг 7, мал эмнэлгийн гэрчилгээ 28, мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл 4, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага 3 тохиролцсон байна.
Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодексын шаардлагыг хангах ёстой. Гэвч Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд олон улсын худалдааны хорио цээртэй шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тасралтгүй бүртгэгдсэн нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг хязгаарлажээ.
Иймд Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор Монгол Улсын баруун, хангай, зүүн бүсийн 7 аймгийн нутаг дэвсгэрт “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс”-ийг байгуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэв.
Мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу 24 баримт бичгийг давхардсан тоогоор 53 удаа бүрдүүлж, үүнд нийт 316 цаг буюу 13 хоног зарцуулдаг тул төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, шат дамжлагыг бууруулах зорилгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан нэг цонхны зарчмыг баримтлан экспортлохоор цахим системийн хөгжүүлэлтийг эхлүүлээд байгааг Х.Болорчулуун сайд танилцууллаа.
Монгол Улсын сүүлийн 3 жилд дунджаар 2.3 сая толгой малыг экспортолсон бөгөөд нийт экспортын 90 гаруй хувийг БНХАУ, үлдсэн хувийг Иран, Арабын нэгдсэн Эмират, Казахстан Улс болон Хонконг эзэлж байгаа юм байна.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 1/ олон улсын худалдааны хорио цээртэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалт, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, тандалтын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу тогтмол хэрэгжүүлж байна, 2/ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчин өрх нэг бүрээр цахимаар төлөвлөж, гүйцэтгэл, хяналтыг хэрэгжүүлэх, гарал үүсэл, эрүүл нь баталгаажсан малыг үйлдвэрт төхөөрч, ул мөрийг мөшгөн тогтоох зорилгоор Мал эмнэлгийн болон махны үйлдвэрийн үйл ажиллагааны системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Н.Ганибал, Ш.Адьшаа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Н.Ганибал гишүүн өвөл, хавар хатуу болох төлөвтэй тул махны экспортыг эрчимжүүлэхэд салбарын яам онцгой анхаарч, малчдаа бодлогоор дэмжин ажиллах шаардлагыг дурдаад “Жилд 1 тэрбум ам.доллар олох боломжтой махны экспортын асуудалд анхаарах, улмаар мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих нь нэн чухал байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулгын хариуг сонссоны дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг танилцуулсан юм. Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудын эцсийн найруулгыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.