УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. 2017.11.27
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2020 оныг дуустал дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газар хоорондын харилцан туршлага судлах семинар болов. 2017.11.27
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2017.11.28
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ. 2017.11.28
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир манай улсад айлчилсан Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талууд Засгийн газрын түвшинд бус парламентын түвшинд хоёр орны хамтын ажиллагааг өргөтгөх боломжтой талаар санал солилцов. 2017.11.28
Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төвбанк (Монголбанк)-тай хамтран Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлгийг хийж, энэ үеэр зээлийн хүүг бууруулах, зээлдэгчийн түүхийг харж барьцаа хөрөнгөгүй зээл олгох, арилжааны банкаар дамжуулж авсан гадаад банкны зээлийн суутгах татварыг болиулах, Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх зэрэг саналыг гаргав. 2017.11.28
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.11.29
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжив. 2017.11.29
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, УИХ-аас бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах, эрх зүйн тогтолцоог оновчтой өөрчлөн шинэчлэх чиглэлээр МҮХАҮТ, бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах болно гэж тэрээр уулзалтын үеэр онцоллоо. 2017.11.29
УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын хооронд туршлага судлах семинар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжилж, хоёр орны Тамгын газрын хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, шалгалт, үнэлгээ хэрхэн хийдэг талаарх илтгэлүүдийг сонсож, туршлага солилцлоо.
УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэж, 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тн үрийн улаан буудайн импортыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Мөн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах дээрх хэмжээний малын тэжээл, өвс, хүнсний улаан буудай, үрийн улаан буудайн импортыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус батлав. Үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. 2017.11.30
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоон 01 тоот тогтоол гаргаж, Засгийн газар болон Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн бодит байдалтай танилцахаар нийслэлийн агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим газруудад ажиллалаа. 2017.11.30
УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ хандаж үг хэлэв. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага авав. 2017.12.01
Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. 2017.12.01
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс