Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 01 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд тус дугаараас эдгээр хуульд оруулсан нэмэлт болон нэмэлт, өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба уг тогтоолоор төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулж, энэ хүрээнд зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод Төрийн ордны “Их танхим”-д явуулахаар тогтоожээ.

Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн бөгөөд уг зарлигаар Монгол Улсаас Оманы Султант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оманы Султант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилсон байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Техникийн зохицуулалт батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн ба “Техникийн зохицуулалт батлах тухай”  Засгийн газрын тогтоолын хавсралтаар Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталжээ. Уг зохицуулалтын зорилго нь ямааны ноолуурын боловсруулалт, худалдааны явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс хамгаалахад оршино. Харин “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэх журам”-ыг баталсан бөгөөд  энэ журмаар Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэх үйл ажиллагааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл