Цэс

Холбоо барих

“Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт өндөрлөлөө

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаар тодорхойлох улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөж, үндэсний зөвшилцлийг хангах үе шаттай ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь өнгөрөгч долоо хоногт болсон “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм. Эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн судлаачдын төлөөлөл оролцож, улс төр, засаглал, хариуцлагын тогтолцоо, шударга ёс, орон зайн төлөвлөлт, бүсчилсэн хөгжил, баялгийн сан, шударга,  хүртээмжтэй  хуваарилалт гэсэн чиглэлүүдээр дөрвөн салбар хуралдаан хийсэн бол өнөөдөр Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн болон улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын депутатууд зэрэг 600 гаруй хүн оролцсон чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хууль 30 жил” сэдэвт үндсэн илтгэлийг тавив.

Чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдаан асуулт асууж, санал хэлэх хэлэлцүүлгээр өрнөсөн бөгөөд үдээс хойно засаглал, төр, нийгмийн тогтолцооны асуудлаар “Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь”, хууль эрх зүй, шударга ёсны шинэчлэлийн талаар “Эрх зүйн шинэчлэл”, эдийн засгийн бүтцийн шинэчлэл, эрдэс баялгийн сан, түүний удирдлага, бизнесийн орчны асуудлаар “Эдийн засгийн шинэчлэл” салбар хуралдаанууд боллоо. 

Чуулга уулзалтад оролцогчид салбар хуралдаануудад саналаараа оролцож, тухайн сэдвийн хүрээнд үзэл бодол, байр сууриа илэрхийлсний дараа нэгдсэн хуралдаанд цуглан хаалтын хуралдаан хийлээ. Чуулга уулзалтын модератор, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцогчдоос гарсан саналыг ерөнхийд нь багцлан дүгнэсний дараа салбар хуралдаануудын дүгнэлтүүдийг танилцуулав.

“Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь” сэдэвт салбар хуралдаанд гарсан саналыг, тус салбар хуралдааныг удирдан явуулсан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тус салбар хуралдаанд нийт 200 орчим хүн оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтийн оролцоотойгоор хийж, парламентын тогтолцоог боловсронгуй болгох, улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, сонгуулийн хуулийг эрс өөрчилж, тогтолцоог боловсронгуй болгох, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийх эрх зүйн шинэчлэлийг дуусгах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг найман багц сэдвээр 120 хүн үг хэлж, саналаа илэрхийлжээ. Мөн нийт саналын 10 хувийг Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэдэг санал эзэлжээ.

Нийт 50 гаруй хүн оролцсон "Эрх зүйн шинэчлэл" салбар хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөл оруулах, төрийн албаны эрх зүйн орчныг шинэчлэх, шударга ёс, хуулийн хэрэгжилт, хариуцлагыг дээшлүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлага, боловсрол, шинжлэх ухааны хөгжил, татварын орчин, иргэний ёс зүй, халамжийн болон газрын эрх зүйн орчин, үнийн өсөлт, агаарын бохирдол, түгжрэл зэрэг есөн багц асуудал хөндөгдсөнийг тус салбар хуралдааныг удирдан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мэдээлэв. Салбар хуралдаанд нийт 30 хүн үг хэлж, 78 санал гаргасан байна.

"Эдийн засгийн шинэчлэл" салбар хуралдааны дүнг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус салбар хуралдаанд 100 орчим хүн оролцож, байгалийн баялгийн ашиглалт, төсвийн шинэчлэл, хөгжлийн бодлого, аж үйлдвэржилт, дэд бүтэц, тээвэр, хот байгуулалт, түгжрэл, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, ажилгүйдэл, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, тэгш бус байдал, төрийн алба, утаа зэрэг 11 асуудлаар 71 хүн нийт 115 санал хэлжээ.

Салбар хуралдааны модераторууд санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Юуны өмнө өнөөдрийн Чуулга уулзалтад ажил хэрэгч, идэвхтэй, соёлтой, хүндэтгэлтэй оролцож, тунаж үлдсэн та бүхэнд талархал илэрхийлье. Улсын Их Хурлын Тамгын газраас энэхүү  “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалтын нэгдсэн болон салбарын хуралдаануудыг гурван танхимд зэрэг явуулсныг дотоод сүлжээгээр дамжуулж, бүрэн үзэж бүх саналыг тэмдэглэж, дүгнэлт гаргасан. Өнөөдөр 630 хүн чуулга уулзалтад оролцож, нийт 191 хүн үг хэлж, 501 санал гаргасныг 50 багц асуудлын хүрээнд ангилж, зарчмын шинжтэй томоохон асуудлуудыг тоймлон нэгтгэж судалгааны материалуудыг бэлдсэн. Мөн бид энэхүү 50 багц асуудлыг нэгтгэж  дүгнэлт хийх болно хэмээн Чуулганы ерөнхий үзүүлэлтүүдийг дурдсан юм.

Тэрбээр цааш хэлэхдээ, Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн тогтоолыг батлахдаа өнөөдрийн нийгмийн бухимдал, ард түмний хүсэл эрмэлзлийг харгалзан үзэж, хүчирхийлэл захиргаадалтын аргаар бус  ардчиллын зарчмаар ард иргэдтэйгээ зөвлөлдөхөөр шийдсэн. Энэ ч хүрээнд Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, эрдэмтдийнхээ үг, санал дүгнэлтүүдийг сонсож, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудтай танилцсан. Харин өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудынхаа үгийг сонслоо. Дараагийн шатанд бид  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн Улс төрийн намын шинэчлэлийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж, тэрхүү нэмэлт, өөрчлөлтийг амилуулахаар ажиллаж байна. Үндсэн хуульд оруулсан тэрхүү нэмэлт, өөрчлөлтөөр стратегийн орд газруудын баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх, иргэдийн хяналтад байх, шударга, хүртээмжтэй хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр заасан. Гэвч өнөөдрийг хүртэл Үндэсний хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх хууль батлагдаагүй байгаа. Эдгээр хуулиудын талаар болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хоёр танхимтай, сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх асуудлаар ард түмнээ сонсох арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газрын бүх гишүүд хамтран хийнэ. Бүх тойргуудаараа явж, ард түмний саналыг сонсох аяныг зохион байгуулна гэлээ.

Түүнчлэн тэрбээр, өнөөдөр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 630 хүн оролцож байгаа боловч та бид ард иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй. Басхүү бүх юмыг нулимж, бүх хуулийг үгүйсгэн, зөвхөн хуулиас л бүх буруу зүйл болоод байна гэж үзэх нь өрөөсгөл юм. Улс төр, хууль эрх зүйн хүрээнд ард түмнийхээ санал бодолд тулгуурлаж шинжлэх ухааны үндэслэл нотолгоо, олон улсын туршлага, практикт суурилсан эрс, зоримог өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бид үзэж байгаа.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тухайн үед 10-20 жил яригдаж байж хийгдсэн. Улс төрийн намуудад асуудал байна, шинэчлэл хийе. Намыг гишүүнчлэлгүй болгоё, намын санхүүжилт нь авлига, хээл хахууль асуудал болж байна. Үндэсний баялгийн сангийн хуулиа шинэчилж, шударга, тэгш хуваарилалтыг бий болгоё. Энэ бүх үзэл санаанууд ард түмний Зөвлөлдөх санал асуулгаар гарсан. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг. Тэр жирийн малчид юу мэддэг юм бэ, ард иргэд юу мэддэг юм бэ гэж бодож болохгүй. Ардчиллын агуу мөн чанар нь мэдээллийн л ялгаа болохоос биш адил тэгш, тэнцвэртэй мэдээллээр хангахад ард иргэд хэчнээн саруул ухаанаар шийд гаргаж чаддагийг 1990 оны ардчилсан хувьсгалын түүх, өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын түүх ч харуулж байна. Бид 1990 онд нийгмийн эрс өөрчлөлтийг тайван замаар хийж чадсан шигээ өнөөдрийн өөрчлөлтийг хамтдаа шийдэж чадна гэж итгэж байна. Монгол хүмүүс саруул ухаанаараа эрс зоримог өөрчлөлтийг хийх эрмэлзэл нэгтэй байгаа учир Улсын Их Хурал, Засгийн газрын удирдлагууд санал нэгтэй байж, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал болон бусад нийгэмд бугшсан асуудлуудыг ил болгож, шийдвэрлэж чадна. Хууль батлавч хяналт, шалгалтыг нь хэрэгжүүлдэггүй байсныг өөрчилж Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хяналт шалгалтын түр хороо байгуулснаараа энэ бүх асуудал, мэдээллийг ил болгож байгаа билээ. Удахгүй Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын нээлттэй сонсгол болно. Түүнийг ард иргэд, олон нийт сайн хараарай. Мөн нүүрсний хулгайг ил болгох асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна. Эдгээр нь мөрдөн шалгах шинж чанартай сонсголууд болно гэж төлөвлөж байна. Тийм учраас та бид Монголын энэ түүхэн цаг үед  өөрчлөлт шинэчлэлтийг хамт хийхийн төлөө байна. Та бид бүгд Монгол Улсынхаа төлөө, Монголын ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй гэдэгт итгэж байна. Тиймээс энэ олон өөрчлөлт, шинэчлэлтүүдийг зохион байгуулахдаа та бүхний санал бодлыг сонсож, хүндэтгэж, хамтарч ажиллана гэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлснээр Чуулга уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл