Цэс

Холбоо барих

Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх зорилгоор эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2023.01.10) Төрийн ордонд зохион байгууллаа.


Эрх зүйч мэргэжлээр дотоодын их, дээд сургуулийн гурваас дээш түвшинд суралцаж буй оюутнууд, удирдагч багш нарын хамт энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын 14 их, дээд сургуулийн 5600 гаруй оюутны төлөөлөл болгон шилдэг найман илтгэлийг өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн.


Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа болон албаны бусад хүмүүс оролцов.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оюутны эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн нэг нь эрдэм шинжилгээний хурал байдаг юм. Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олны хүртээл болгох, Үндсэн хуулийн боловсролыг түгээх бидний зорилгод энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой. Энэ жилийн хувьд эрх зүйн хөтөлбөртэй их, дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зарлаж, өнөөдөр шалгарсан илтгэлүүдийг хэлэлцэхээр хуран цуглаад байна.

Оюутны эрдэм шинжилгээний ажил гэдэг бол ирээдүйн эрдэмтэн мэргэдийг өсгөн бойжуулах лаборатори юм. Оюутан ахуйгаасаа судалгаа шинжилгээний ажилд шамдаж, онолын мэдлэгээ баталгаажуулж, туршилт сорилт хийж, арга зүйг эзэмших нь нэн чухал үнэ цэнтэй. Монгол Улсын Их Хурал судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч нотолгоо, дүгнэлтэд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэхийг стратегийн зорилтоо болгож тунхагласан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд оюутан залуус та бүхний эрдэм судлалын ажил хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.  

“Үндсэн хууль гэж юу вэ” гэсэн тодорхойлолтыг судлаачид олон талаас нь тайлбарладаг. Гэхдээ аливаа улсын Үндсэн хууль нь тухайн улсынхаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууламж, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан үндэс суурь, гол хууль гэдэгтэй үндсэндээ санал нийлдэг.  Үндсэн хууль эрх зүйн дээд хүчин чадалтай акт байж, улсынхаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын үндсийг тодорхойлдгийн хувьд улс орны хөгжлийн бодлогын аливаа баримт бичиг нь Үндсэн хуульд зайлшгүй нийцэж, түүнд үндэслэн гарах учиртай. Чухам тийм ч учраас энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвээр зохион байгуулж байгаа юм” хэмээн онцлоод оролцогчдод амжилт хүслээ.


“Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлсэн оюутнууд Үндсэн хуулийн оршлын утга учраас эхлээд Үндсэн хуулийн хяналт буюу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийх хүртэл өргөн сэдвийг сонгож авсан байлаа.

Эрдэм шинжилгээний хуралд,

1.“Үндсэн хууль ёсны төлөвшилд хариуцлагын тогтолцоо нөлөөлөх нь: Монгол Улсын жишээн дээр” сэдвээр ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 233 дугаар дамжааны оюутан Б.Элбэрэл (Удирдагч багш: ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул),

2.“Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн тайлбарын зөрүүтэй байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр “Их засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Моломжамц (Удирдагч багш: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш С.Тэгшжаргал),

3.“Үндсэн хуулийн мэдлэг буюу оршлыг таниулах нь” сэдвээр “Их засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн гуравдугаар түвшний оюутан Б.Ган-Эрдэнэ (Удирдагч багш: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Нацагдорж),

4.“Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тогтворжуулах асуудал, түүний учир холбогдол” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тавдугаар түвшний оюутан Б.Ариунзаяа (Удирдагч багш: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор Э.Байгаль),

5.“Үндсэн хуульд нийцээгүй нэмэлт, өөрчлөлт”-ийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Олон улсын загвар, хандлага” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тавдугаар түвшний оюутан Т.Билгүүн, Т.Биндэрьяа нар (Удирдагч багш: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Мөнхдаваа),

6.“Үндсэн хуулийн үзэл санааг албан тушаалын эсрэг гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар хамгаалах нь” сэдвээр “Шихихутуг” Их сургуулийн Эрх зүйн гуравдугаар түвшний оюутан Г.Сувданцэцэг (Удирдагч багш: “Шихихутуг” Их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Мөнх-Эрдэнэ),

7.“Монгол Улсын Үндсэн хуулиудад тусгагдсан хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилт” сэдвээр “Сити” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Ц.Ариунаа (Удирдагч багш: “Сити” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Мөнхдэлгэр),

8.“Үндсэн хуулийн хэрэгжилт ба Үндсэн хуулийн тодорхой бус байдал” сэдвээр “Шихихутуг” Их сургуулийн Эрх зүйн гуравдугаар түвшний оюутан Н.Болортуяа (Удирдагч багш: “Шихихутуг” Их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант Х.Одонтуяа) нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.


Ингээд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн шилдэг найман оролцогч болон удирдагч багш нарт батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон юм.



Эрдэм шинжилгээний хурлыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, “Оюутнууд маань эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга, аргачлалд сайтар суралцаж, онолын өндөр мэдлэг хуримтлуулж, дүн шинжилгээ хийх чадварыг сайтар эзэмшиж буй нь илтгэлүүдээс харагдлаа. Олон сонирхолтой сэдвийг хөндөж, зайлшгүй анзаарч анхаарвал зохих чухал санаануудыг дэвшүүлж, дүгнэлт зөвлөмжөө ч оновчтой илэрхийлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа, сонгодог парламентыг төлөвшүүлэх Стратеги зорилт дэвшүүлээд байгаа. Энэ зорилгод оюутан залуусын оролцоо чухал. Тиймээс Та бүхэнтэйгээ цаашид хамтран ажиллахдаа Улсын Их Хурлын Тамгын газар ямагт баяртай байх болно.” хэмээгээд энэхүү эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа, шинжилгээ” сэтгүүлд эмхэтгэн нийтэлж, олны хүртээл болгоно гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл