Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулж Парламентын Номын сангаас эрхлэн үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ном товхимол, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр (2023.01.10) дэлгэлээ.
Улсын Их Хурлын Архив, Номын сан хамтран дэлгэсэн “Үндсэн хуулийн боловсрол” сэдэвт тус үзэсгэлэнг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж буйг дурдаад, “Парламентын номын сан, Архивын сан хөмрөгт хадгалагддаг үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ховор, хуучин ном, түүхэн баримтуудаар анх удаа үзэсгэлэн гаргаж байна. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэ баялаг сан хөмрөгийг үзэж, судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байх нь чухал” хэмээв.
Тухайлбал, энэхүү үзэсгэлэнд 1911 онд Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Монгол Улс Үндсэн хуультай болох ёстой гэж үзээд, тухайн үеийн сэхээтэн, эрдэмтэн мэргэд дэлхийн олон орны үндсэн хуулийг судалж, анхны үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан архивын баримт, 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцсэн Ардын Их Хурлын протокол, Үндсэн хуулийн төсөл, хувилбарууд, Үндсэн хуулийг хэлэлцэх үед ард иргэдээс ирүүлсэн төсөл, санал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед ард иргэдээс ирүүлсэн саналын эмхэтгэл, материалууд, 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийн холбогдолтой онолын ном, тогтмол хэвлэлийн түүвэр, гадаад улс орнуудын Үндсэн хууль, Улсын Их Хурлын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгаанууд зэрэг 300 гаруй ном, товхимол, архивын баримт, материалыг дэлгэжээ. Мөн ард иргэдээс ирүүлсэн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбааны төсөл, загвар зэргийг архивын эх баримтаар нь дэлгэсэн байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Иргэн бүр Үндсэн хуулиа мэддэг, судалдаг, нандигнадаг байх ёстой. Түүхийн баримтыг хадгалахдаа бус хэрэглэгчдэд хүргэж таниулахад үнэ цэн нь оршдог учир Парламентын номын сангийн баялаг сан хөмрөгийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэхийн тулд дижитал хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна” гэв.
Нээлтийн дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус үзэсгэлэнг үзэж, сонирхлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.