Цэс

Холбоо барих

Төрийн албан ёсны хэл хийгээд үндэстний цөөнхийн хэл, соёлыг баталгаажуулсан заалт

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 31 жилийн ой тун удахгүй тохионо. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.

Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.


АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны үеэр 80 дугаар тойргийн депутат Д.Зарыкканы гаргасан “Үндэс угсаа ялгаваргүй тэгш эрхтэй. Үндэстэн ястан бүрээс эх хэлээрээ харилцах, хэл, түүх, соёл, зан заншлынхаа өв уламжлалыг хөгжүүлэхэд төр тус дэмжлэг үзүүлнэ” гэсэн томьёоллын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Ингэхдээ тухайн саналыг гаргасан Д.Зарыккан нь энэ асуудалд онцгой анхаарч өгөхийг хүсжээ. Учир нь Монгол үндэстэн дотор өөрийн гэсэн хэл, соёл, зан заншилтай казах гэдэг угсаатан бий, тэд өөрсдийн хэлээрээ ярих, өв соёлоо уламжлан хадгалах эрхтэй гэдгийг ч дурдсан байна. Харин үүнд нь Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд “...монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн гэдэг нь хэвээрээ байхаас гадна төрийн албан хэргийг монгол хэлээр явуулах нь бусад хэлээр бусад үйл ажиллагаа явуулахад саад болохгүй гэсэн нь үлдчихвэл логикийн хувьд арай дээр болж магадгүй. Энэ үндэстэн, ястны асуудал нэлээн төвөгтэй. Улс төрийн асуудал болж байна” хэмээн хариулж байжээ.

Мөн тус өдөр УИХ-ын хуралдаанд бүрэн эхээр нь уншиж танилцуулахыг АИХ-ын удирдлагаас хүссэн захидлыг Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг казах иргэдээс ирүүлсэн байна. Тус захидалд “...Монгол Улс нэгдмэл нэг орон байхдаа хүчтэй, чадалтай орон байсан. Ард түмнийхээ нэг хэсгийг алдвал задрах сулрах замд орно. Казах үндэстнийг өөрийн үндэстэн гэсэн нэрээр нь нэрлэхгүйгээр манай улсад оршиж байгаа үндэстний асуудлыг бүрхэгдүүлэн хаах гэсэн оролдлого сөрөг үр дүн өгөх байх... Нөхөр Маамын саналаар зонхилох шашин, хоёрдугаар зэргийн шашин гэсэн заалтыг баталснаар хоёрдугаар зэргийн ард түмэн гэдэг ойлголтыг төрүүллээ...” хэмээн хурцаар шүүмжилжээ. Тус захидалд мөн ардчилал гэж яваад Орос гэсэн сайн түншээ сэтгэл дундуур болгосон. Одоо түшиж болох Казахстан, Узбекстан, Киргизстан, мөн лалын шашинтай бусад бүх улсаас холдох нь хэмээн сануулсан байна. Харин үүний эсрэг санал гэж үзэж болохоор саналыг 245 дугаар тойргоос сонгогдсон депутат Ч.Чинбат гаргаж, үгээ хэлсэн нь тухайн өдрийн хурлын протоколд тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэрбээр, “Монгол Улсын төрийн хэргийг явуулах хэл нь монгол хэл гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх байх гэж бодогдож байна. Тийм учраас бид Монгол төрийнхөө хэргийг хөтлөн явуулах хэлийг байр эзлүүлээгүй болов уу гэж бодогдох юм. Манай казах депутатууд тэр талаас явцуурч ингэж бодоод байгаа юм биш байгаа. Тийм болохоор наймдугаар зүйлийн 8.2-т байгаа бусад өөр хэл бүхий хэсэг эх хэлээрээ суралцах, ярилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагааг явуулах эрхтэй гэсэн энэ заалтыг үндсэнд нь хасъя гэсэн саналыг оруулж байна” хэмээн сануулжээ.

Ингэж л ардчилсан Үндсэн хуулийн заалт нэг бүрээр санаа бодлоо уралдуулж, 75 хоног хэлэлцсэний эцэст өнөөгийн Үндсэн хуулийн суурь, чиг тавигджээ. Тэр ч бүү хэл өнөөдөр Казах үндэстэн хэмээн нэрлэгдэж, өөрсдийн хэлээрээ ярьж, шашнаа шүтэж, соёл, зан заншлаа хадгалан хамгаалж яваа билээ. Тийм ч учраас өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”. Тус зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэсэн заалт бүрэн утгаараа хэрэгжиж байна. Энэхүү чухал заалтыг тухайн үеийн депутатууд тал бүрээс нь хөндөн ярилцаж, мухарлаж чадсан учраас өдгөө төрийн албан ёсны хэл хийгээд цөөнхийнхөө хэл, соёлыг харилцан хүндэтгэж байгаа билээ.


Эх сурвалж: Өглөөний сонин 2023.01.04. №002 (3803),

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл