Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг хуралдаж, Зөвлөлдөх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг Байнгын хороонд танилцуулахаар тогтов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2023.01.05) хуралдаж, “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүдээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах талаар санал гаргасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг Төрийн байгуулалтын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул Ажлын хэсэг хуралдаж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны санал хураалтын дүнг дахин хэлэлцэх болсныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.

 

Тэрбээр, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдааны санал хураалтын дүнг хүчингүй болгох горимын санал гаргаж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй тул дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.


 

            Ингээд Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг, хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс, Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар, төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, хувь иргэнээр нэр дэвшсэн багш, нийтлэлч Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл