Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.05/ хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.


    Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийсэн танилцуулгадаа, "2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүдээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах талаар санал гаргасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, өмнөх хуралдаанаар гаргасан санал хураалтын дүнгээ хүчингүй болгох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонгосон. Өмнө нь сонгогдож байсан 9 нэр дэвшигч болон 2 эмэгтэй нэр дэвшигч хамгийн олон санал авч сонгогдсоныг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өмнө нь нэр дэвшсэн ч олонхын санал аваагүй хасагдсан нэр дэвшигч Д.Мягмарсүрэн, И.Цэрэн-Онолт нарыг Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтын зөвлөлд оруулж ажиллуулахыг чиглэл болголоо.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав. Тогтоолын төсөлд,

1.    Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2.    Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3.    Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4.  Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5.    Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7.    Хувь иргэнээр нэр дэвшсэн багш, нийтлэлч Г.Галбадрах

8.    Радио электроникийн инженер Д.Моондой

9.    “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл байгуулахаар тусгасан байна.  


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл