Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга, уулзалтыг 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг баталсан.
“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга, уулзалтыг Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байна.
Уг чуулга, уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцоно.
Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.